Бүгд Найрамдах Солонгос улсын Ганвон аймагт орших Пёнчан хотод Өвлийн XXIII Олимпийн наадам өнөөдөр эхэлнэ . Харин нээлтийн ажиллагаа БНСУ-ын цагаар 20 цагт эхлэх бол манай улсын цагаар 21 цагт эхлэх юм.
Өвлийн Олимп төдийгүй Зуны Олимпийн түүхэнд хамгийн жижиг зохион байгуулагч хотоор нэрлэгдэж буй Пёнчан хот 2010 оны буюу XXI наадмыг зохион байгуулахад 3 санал дутсан, XXII наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Сочи хоттой өрсөлдсөн ч 4 санал дутсанаар дахиад 4 жилийг хүлээх хэрэгтэй болсон юм. Гэхдээ тэдний зүтгэл талаар болсонгүй, XXIII удаагийн наадмыг зохион байгуулахаар Германы Мюнхэн, Францын Анси нарын хотуудтай өрсөлдөж илт давуу буюу өмнөх өрсөлдөгчдөөсөө даруй 38 саналын илүүтэйгээр зохион байгуулагч хотоор сонгогдсон билээ.
“Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадамд дэлхийн 5 тивийн 92 улс тамирчдаа илгээгээд байна. Энэ удаагийн Олимпийн наадамд Солонгосын хойгт орших Өмнөд болон Хойд Солонгосын нэгдсэн баг оролцох гэж байгаа нь онцлог үйл явдал бол допингийн асуудлаас болж Орос тамирчид эх орныхоо төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй бөгөөд зөвхөн Олимпийн туган дор сэргээшийн хэрэгт холбогдоогүй тамирчид нь оролцох юм.
Энэ удаагийн "цагаан" олимпд Ази тивээс Сингапур, Малайз, Африк тивээс Эквадор, Нигери, Эритери, Европ тивээс Косово улсын багууд анх удаагаа тамирчдаа оролцуулна. Мөн шинээр спортын 4 төрөл нэмэгдэж байгаа бөгөөд, уулын цанын холимог багийн уралдаан, кёрлингийн холимог багийн уралдаан, гүйлтийн тэшүүрийн эрэгтэй, эмэгтэй бөөн гараатай уралдаан болон сноубордын чөлөөт үзүүлбэрийн төрөл олимпийн хөтөлбөрт анх удаагаа багтаж байна.
Харин манай улсын хоёр тамирчин 15-16ний өдрүүдэд уралдах юм. ОУХМ Ч.Отгонцэцэг хоёр дугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт гүйлтийн цанын 10км зайд, ОУХМ Б.Ачбадрах хоёр дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт гүйлтийн цанын 15км зайд тус тус эх орноо төлөөлөн уралдана.