Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа


7 жил

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.02.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 43 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн 65.9 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа. 

Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон.

Гэвч нэг талаас Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж байгаа, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш ойрын ирээдүйд харьцангуй тогтвортой, өндөр байх төлөвтэй байгаа нь манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөө үзүүлэхээр байгаа тул иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах татварыг нэг шатлалтай болгож, эдийн засаг дахь татварын ачааллыг бууруулж, татварын системийг энгийн, ойлгомжтой болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь бизнесийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлууллаа.

Уг хуулийн төсөл батлагдсанаар цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээ нэг шатлалтай, 10 хувь болж байгаа юм.

Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурал болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2018 оны улс, орон нутгийн төсвийн орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг батлагдсан хэмжээнээс нэмэгдүүлэх бүхий л боломжит арга хэмжээг авч, улс, орон нутгийн төсвийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн төсвинй ерөнхийлөн захирагч нарт даалгахаар уг тогтоолын төсөлд заажээ. Уг тогтоолыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн тул Улсын Их Хурлын гишүүн С.Жавхланг дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, Байнгын хороодын хуралдааны дараа үргэлжлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү