Монгол улсын үндэсний шигшээ баг энэ оны гуравдугаар сард албан ёсны хоёр ч нөхөрсөг тоглолтод оролцохоор боллоо. Эхлээд 3-р сарын 22-ны өдөр Куала Лумпур хотод зочилж, талбайн эзэн Малайзын шигшээ багтай тоглох бол 3-р сарын 27-нд Маврикийн (Mauritius) шигшээ багийг Улаанбаатар хотноо хүлээн авна. Тус тоглолт нь Монгол улсад болох гэж буй “FIFA”-ын албан ёсны анхны нөхөрсөг тоглолт (FIFA Tier 1 Friendly Match) юм.
Монгол улсын үндэсний шигшээ баг одоогоор “FIFA”-ын чансааны 189-р байранд бичигдэж байна. Харин Малайзын шигшээ баг 175-д, Маврикийн шигшээ баг 157-д жагсаж байгаа юм. Тиймээс манай улсын шигшээ баг эдгээр нөхөрсөг тоглолтуудад амжилттай тоглож чадвал өөрсдийн чансаагаа ахиулах боломжтой.