С.Батболд : Хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ


7 жил

Жил бүрийн эхэнд Нийслэлийн удирдлагын баг “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон  хэлтэс, агентлагийн дарга нар оролцож, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулт өгч, хотоос хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  “Хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлээд яг нэг жил зургаан сар болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид санхүүгийн хүндхэн нөхцөлд чамгүй ажил хийхийн төлөө чармайн ажиллалаа. Эдийн засаг санхүүгийн  хүндрэлээс гарахын төлөө ажилласны үр дүнд 2018 онд концессийн гэсэн тодотголтой 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг Улаанбаатар хот барагдуулж, өргүй хот болж байгаа” хэмээн уулзалтын эхэнд онцоллоо.

Агаарын бохирдлыг бууруулах, утаатай тэмцэх тал дээр нийслэлийн удирдлагын баг гар хумхин суугаагүй. Шийдвэрлэх арга зам, шийдлээ УИХ, Засгийн газарт танилцуулсан. Дөнгөж өчигдөр л гэхэд УИХ дахь МАН-ын бүлэгт хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах арга зам, шийдлээ мэдээлсэн. Хэд хэдэн шийдлийг зоригтой хэрэгжүүлнэ. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс ч дэмжиж байгаа гэдгийг хотын дарга хэлсэн юм.Шийдлийн тухайд хэд хэдэн арга зам бий гэж ярьсан юм. 

Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзнэ

Яндангийн тоог бууруулах. Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзнэ. Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээл авсан иргэдийн судалгаагаар орон сууцанд амьдардаг иргэд голцуу байрны нөхцөлөө сайжруулж авсан байдаг. Гэр хороололд амьдардаг иргэд зээлд хамрагдсан ч яндангаа буулгадаггүйг судалгаагаар тогтоосон. Тиймээс яндан буулгаж, орон сууцанд орж, газар зөв чөлөөлөх менежмент хэрэгжүүлнэ.

Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэн орон сууцанд орж, газраа чөлөөлж, яндан буулгасан.

 Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот бий болгох, утаагүй хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж руу нүүлгэнэ.

Ингэснээр нийслэлийн 3500 төрийн албан хаагч болон эндээс үйлчилгээ авдаг 30 мянган гаруй иргэн хотын төвд түгжирч, бухимдал үүсэхгүйгээс гадна шинэ төлөвлөлт хийгдэнэ. Яармагийн дэнжийг блоклож буюу авто зам, дэд бүтцийн нарийн төлөвлөлтөөр хөгжүүлнэ. 

Эко түлш хэрэглэх бодлого барина

Түүхий нүүрсний хэрэглээг хориглоно. Гэхдээ шат дараалан хориглож, эко түлш хэрэглэх бодлого барина. Эрдэмтдийн багтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нарийвчилсан тоогоор 224 мянган яндан буюу гэр хорооллын өрх бий гэсэн тооцоо бий. Нийслэлийн удирдлагын баг Засгийн газар, УИХ хамтран ажилласнаар “Агаар орчны бохирдлыг бууруулахад” шийдвэртэй, шийдэлтэй ажлуудыг хэрэгжүүлнэ. Бүхий л оновчтой шийдэл нэвтрүүлнэ. Халаалт, эко түлш, дэд бүтэц, орон сууцны хангамж гээд цогц асуудал яригдаж байгааг хотын дарга зангиагүй уулзалтадаа онцолсон байна.

Хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт  хот  2020 он гэхэд шинэ түвшинд хүрнэ гэж тооцож байна.

Дэлхийн жишигт нийцсэн дүүргийн эмнэлэг ашиглалтад оруулна.

Хан-Уул , Чингэлтэй дүүргийн эмнэлэг  мөн шинээр баригдаж байна. Клиникийн 2-р эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд оношилгоо эмчилгээний төв баригдаж байна. Хүрээ амаржих газрыг Яармагийн 4-р төрөхийн барилгад оруулахаар тооцож, уг суурин дээр Хүүхдийн  нэгдсэн амбулатори барих төсөл ч явж байгааг онцоллоо. Улс, нийслэлийн гэлтгүй эмнэлгүүдийн гадна тохижилтыг үргэлжлүүлэн хийж, ногоон орчныг бүрдүүлнэ.

Боловсролын салбарт бол хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ. Хотын дарга ажлаа авах үед 60 гаруй хувьтай байсан. Энэ жил 76 хувьд хүрсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр  цэцэрлэг, сургууль  нийлээд  80 гаруй обьект баригдана.

Ингэснээр Улаанбаатар хотын сургуулиуд 2 ээлжинд ирэх намар бүрэн шилжинэ. Цаашдын зорилт нэг ээлж болгохын төлөө ажиллаж байгаа гэдгийг хэллээ. 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү