УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад 53.9 хувийн ирцтэй эхэллээ. ТУс хуралдаанаар эхлээд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Ц.Цогзолмаа нарын Улсын Их Хурлын долоон гишүүн санаачлан боловсруулж, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургууль, 10, 186 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамлаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он” боловсруулж батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих “Тусгай хэрэгцээт сан” байгуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусаар хангах, тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах асуудлыг бодлогоор дэмжих, өвчний магадлалтай иргэдийн группыг сунгахад тулгарч байгаа асуудлуудыг нягталж, өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэн ухааны байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Болд, Н.Оюундарь, Н.Амарзаяа нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Элдэв-Очир, С.Чинзориг, Б.Ундармаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, төсөл санаачлагч гишүүн Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар өгсөн хариултдаа, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бүх талуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулж ажлын уялдааг хангах арга хэмжээ авч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны зардлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 13.6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна, тогтоол батлагдсанаар энэ чиглэлийн суурь болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв. Манай улсад одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 101730 иргэн байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлдэг аж. Эдгээр хүүхдүүдээс 1000 гаруй нь ерөнхий боловсролын тусгай сургуульд, 400 гаруй нь тусгай цэцэрлэгт хамрагддаг юм байна.
Ингээд Байнгын хорооны саналаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.