Д.Мөнхболд: Хөшөөтийн уурхайгаас Булган сум хүртэлх замын хяналтыг сайжруулна

Д.Мөнхболд: Хөшөөтийн уурхайгаас Булган сум хүртэлх замын хяналтыг сайжруулна


8 жил

 Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболдтой ярилцлаа.

-Ховд аймгийн гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье?

-Манай аймаг нийслэлээс 1400 км гаруй алслагдсан, Алтайн нуруу, Их нууруудын хотгор, Алтайн цаадах говийг хамарсан уудам нутаг дэвсгэртэй. 17 сум, 91 багт 98400 орчим хүн ам амьдарч байна. Өнгөрөгч 2016 онд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 4816 гаруй гомдол, мэдээлэл иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирснээс 1140 нь гэмт хэргийн шинжтэй, 3676 нь захиргааны зөрчлийн шинжтэй. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс 398-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20.1 хувиар буурсан үзүүлэлт. Мөн гэмт хэргийн илрүүлэлтийн түвшин ахисан. Гэвч тодорхой төрлийн гэмт хэргүүд өссөн. Тухайлбал, зам тээврийн осол хэрэг 20.1 хувиар өслөө. Үүний шалтгаан нөхцөл нь манай аймаг 1000 км орчим засмал замтай болсон, тээврийн хэрэгслийн тоо өссөнтэй холбоотой. Энэ төрлийн хэрэг, зөрчлийг бууруулахын тулд Цагдаагийн газраас тодорхой ажлуудыг хийж байна. Өдөр, орой, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн эргүүл ажиллаж, гудамж талбайг бүрэн хяналттанд авсан. Ингэснээр захиргааны зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн.

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБ-ийн долоон сургуулийн сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл тарах үед цагдаагийн алба хаагчид хуваарийн дагуу зам дээр ажиллан, аюулгүй байдлыг сахиулж байна. Энэ ажилд эцэг, эхчүүдийг татан оролцуулснаар зам тээврийн осол, хэрэг буурах сайн тал харагдаж байгаа. Цагдаагийн газраас төрийн болон ТББ-ын хэмжээнд тамхины цэг байгуулах, дуртай газраа тамхи татдаг зөрчлийг байхгүй болгож, тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хуваарь гаргаад хяналт, шалгалтыг хийж, хууль хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулан ажиллаж байна.

-Та ажлаа аваад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ албан тушаалд томилогдоод ажлаа юунаас эхэлсэн бэ?

-Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 25-нд Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар дотор зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулсан. Замын цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах албандаа алба хаагчид шилжүүлэн томилуулсан юм. Ингэснээр иргэд рүү чиглэсэн ажлыг зохион байгуулж, Ховд аймгийн төвийн нутаг дэвсгэрийг 24 цагийн хяналтад бүрэн байлгаж байна. Иргэд сайшаан хүлээн авч байгаа. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар зам, талбайд илрүүлсэн зөрчлийн тоо нэмэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоосон гэж хэлж болно. Энэхүү хяналтаас үүдэн дуудлагын жолоочийн үйл ажиллагаа нэвтэрлээ, Ховд аймагт. Мөн Булган сумын цагдаагийн хэлтсийг Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Булган гэх баруун таван сумыг хариуцсан Сум дундын цагдаагийн хэлтэс болгосон. Ингэснээр аймгийн төвөөс 200 км-ээс цааш алслагдсан Алтайн нурууны баруун талд байгаа таван суманд тавих хяналт сайжирна. Хөшөөтийн уурхайгаас Булган сум хүртэлх 290 км орчим замын хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа.

-Мал хулгайлах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг ажиллаж байна уу?

-Манай газарт Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг байгуулагдаагүй. Ер нь зүүн таван сум буюу аймгийн төвтэй ойрхон байдаг сумдад малын хулгайн гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгддэг. Мал хулгайлсан этгээдүүд хулгайлсан мал, махаа зах зээл дээр хурдан борлуулах боломжтой учраас тэр. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Мянгад суманд зүүн таван сумыг хариуцсан цагдаагийн тасаг байгуулан ажиллаж байна. Энэ тасгийн үйл ажиллагаа эрчимжээд ирэхээр мал хулгайлах гэмт хэрэг тодорхой хэмжээнд багасна гэж бодож байгаа. Малын хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг үед цагдаагийн алба хаагчид, иргэд хамтран морин эргүүл хийдэг.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал шүү дээ. Та бүхэн иргэдтэйгээ хэрхэн хамтарч, хэр ойр ажиллаж байна вэ?

-Бид 2016 оныхоо ажлын танилцуулга, дүн мэдээг гаргасныхаа аймгийн прокурорын байгууллагатайгаа хамтраад бүх сумаараа явж иргэд, малчидтай уулзаж, санал, хүсэлтийг сонссон. Үүнээс дүгнэлт хийж цаашид ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, төлөвлөгөө гаргасан бий. Цаашид цагдаагийн байгууллагаа иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар судалж байна. -Шинэ техник технологийг хэрхэн ашиглаж байна вэ. Танай цагдаагийн газрыг дрон буюу нисдэг камер ашиглан эргүүл хийдэг гэж сонссон юм байна. -Арай шинэлэг юмуу гээд нисдэг камер ашиглан тодорхой цагуудад агаарын эргүүл хийж байгаа, хэв журмын албандаа. Мөн манай үнэрч нохой үүргээсээ чөлөөлөгдсөн учир эргүүл хамгаалалтад ашиглаж байна. Нохойтой эргүүл явахаар зөрчил гаргаж буй иргэдийн хандлага өөр байдаг.

-Танай нутгийн уулс, хөвч зэрлэг амьтдын өлгий. Сүүлийн үед зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнасан, эвэр, турууг нь авсан хэргүүд гарсаар байна?

-Тодорхой төрлийн гэмт хэрэг өссөн гэж би дээр дурдсан. Түүнд энэ төрлийн гэмт хэргийн гаралт бас орж буй. Зэрлэг гахай, янгир, аргаль хууль бусаар агнасан, бөхөнгийн эвэр авсан гэх мэт шалгагдаж байгаа хэрэг бий. Саяхан манай улсын иргэн баруун хилээр бөхөнгийн эвэр авч гарахыг завдан баригдаад, БНХАУ-ын талд шийтгэгдсэн, хоригдож буй асуудал гарсан. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн иргэдийн мэдээлэгчээр авах, мэдээлэл цуглуулах зэргээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн зүйлс байна. Нутаг дэвсгэр том, гэмт хэрэг зөрчил уул хаданд үйлдэгддэг учир ажлыг нарийн зохион байгуулах хэрэгтэй.

-Хилийн боомтын орчим, хилийн зурваст гэмт хэрэг, зөрчил хэр гардаг вэ?

-Манай хилийн боомт ачаалал багатай. Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэдэг нэг компанийн тээвэрлэлт хилээр нэвтэрч буй хөдөлгөөний 90 орчим хувийг эзэлнэ. Боомтын орчимд хэрэг, зөрчил бүртгэгдсэн тохиолдол одоогоор байхгүй. Харин хилийн зурваст заг мод огтлох, шилүүс тайрах гэх мэт зөрчил гарсныг эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаад хариуцлага тооцсон. Энэ асуудалд төрийн байгууллагууд оролцсон байдаг. Тэдгээр байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

-Сумдын алба хаагчдыг амьдрах, ажиллах орчин нөхцөл ямар байдаг вэ. Техник хэрэгсэл, унаа тэрэг хүрэлцээтэй юу?

-Амьдрах, ажиллах орчны хувьд гэвэл бүх сум кобантай. Мэдээж, хүндрэлтэй асуудлууд бий. Тэдгээрийг даван туулахын тулд сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Мянгад сумын удирдлагуудтай ярилцаж зүүн таван сум, Увс чиглэлээс орж ирдэг зам дээр пост байгуулах төсвийг шийдүүлсэн. Унааны тэрэгний асуудал бас бий. Булган суманд аймгийн төв дээр байсан приус-30 автомашинаа өгсөн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Манхан суманд ажиллах үеэрээ шинэ машин гардуулсан. Дарви сумын Засаг даргатай зөвшилцөж тус сумын ЗДТГ-т явж байсан Ланд-80 автомашинд засвар үйлчилгээ хийлгүүлэн, хэсгийн төлөөлөгчид өгсөн. Мянгад сум мөн шинэ машинтай болсон. Ер нь үе шаттай шийдвэрлээд явж байна даа. Цагдаагийн алба хаагч нь автомашингүй сумдын Засаг дарга нартай шаардлагатай тохиолдолд хэсгийн төлөөлөгчийг унаагаар хангах гэрээ хийсэн.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд камерын хяналтыг хэрхэн ашиглаж байна вэ. Орон нутгийн дэмжлэг хэр байдаг вэ?

-Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт энэ талаар тусгагдсан байдаг. Камерын хяналттай болох талаар ярилцаж байна. Уг нь 2014 онд ашиглалтад өгсөн 24 камер байдаг ч ашиглагдахгүй байгаа. Удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Орон нутгаас боломжоороо дэмждэг. Аймгийн ГХУССЗ-өөс 4.7 сая төгрөгийн үнэтэй бэлэн бусын торгуулийн машины зардлыг шийдвэрлэн авч өгсөн.

-Цагдаагийн албаны тухай хууль батлагдан хэрэгжиж байна. Та болон танай алба хаагчид энэ хуулийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Бид Цагдаагийн албаны тухай хуулиа хүлээн авч, хэрэгжүүлээд явж байна. Орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчдыг нийтлэг хандлагыг харахад, алба хаагчийн эрх зүйн байдал үнэхээр сайжирсан. Үйл ажиллагаа явуулах, үүргээ гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг сайн хийж өгсөнд талархалтай байгаа. Нийгмийн баталгааны хувьд ч сэтгэл ханамж өндөр байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Хууль хэрэгжиж эхлээс өмнө чиглэл хариуцсан хоёр байцаагч маань төрийн болон ТББ-уудтай хамтран иргэдэд болон алба хаагчдад олон удаа хууль сурталчлах сургалт зохион байгуулсан. Хууль хэрэгжиж эхэлсэн даруй зөрчил нэлээн бүртгэгдэж, баривчлагдсан иргэдийн тоо өндөр гарч байсан. Харин сарын сүүлчээр буурах хандлага анзаарагдаж байлаа. Гэхдээ энэ нөхцөл байдал бол нэлээн хугацааны дараа дүгнэгдэнэ.

-Та цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байна?

-Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд анх удаа оролцлоо. Маш олон зүйлийг олж харлаа, цаашдын ажилдаа хэрэгжүүлэх олон шинэлэг санаа авсан. Цагдаагийн байгууллага иргэд рүүгээ чиглэсэн, урьдчилан сэргийлэх ажилдаа анхаарах хэрэгтэй, хийсэн ажлаа олон нийтэд хүргэхдээ дутмаг байдаг юм байна гээд олон юмыг олж харлаа даа. Бусад аймгийн дарга нарынхаа хийж бүтээсэн ажлыг харлаа, туршлага судаллаа. Орон нутгийн цагдаагийн газрын дарга нартайгаа уулзаж, ярилцсан. Үр бүтээлтэй, үр дүнтэй сургалт, зөвлөгөөн болсон. Хүн бүр санал бодлоо илэрхийлэх, ярилцах цаг хугацаа жаахан давчуу санагдлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү