Шинэ Хархорум хотод 500 мянган хүн амьдарч, 285 мянган ажлын байр бий болно

Шинэ Хархорум хотод 500 мянган хүн амьдарч, 285 мянган ажлын байр бий болно


8 сар

Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2024.03.18/ мэдээлэл хийлээ.


ЕТГ-ын ХМА-ны дарга Ө.Золбаяр:

-XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв байсан Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг гарсан. Энэ зарлиг гарсантай холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Шинэ Хархорум  хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Засгийн газар байгуулсан. Энэ захиргаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ажил хийсэн талаар мэдээлэл өгье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир:

-Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах тухай асуудлыг юу гэж ойлгох вэ. Их эзэн богд Чингис хаан 1220 онд зарлиг гарган, Хархорум хотыг байгуулах зарлигийг гаргаж байсан түүхтэй. Тэгээд Өгөөдэй, Гүюг, Мөнх хаан зэрэг бусад хаадууд энэ ажлыг үргэлжлүүлсэн. Бид бол Чингис хааны зарлигийг энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг юм. Тэртээ 1220 онд Чингис хаан ийм зарлиг гаргаж байсныг нэг бодож үзээрэй. Энэ цаг үед бид энэ үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэр тэр дундаа Орхоны хөндийд төрт улсаа байгуулж байсан олон нүүдэлчин үндэстэн, ард түмний чухал газар орон.

Орхоны хөндий гэдэг нь энэ газар нутаг дээр оршиж байгаа төрт улс, өнөөдрийн бидний ойлгодгоор төрөө тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нийслэлээ байгуулж байсан.

Бид олон мянган жилийн түүхээ баримтлан Хархорум хотоо сэргээн байгуулах учиртай юм. Тухай цагтаа Хархорум хот дэлхийн нийслэлийн хэмжээнд байсан. Өнөөдөр бид дэлхийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн газар орноо сэргээж, ирээдүйн хөгжил цэцэглэлтийг холбон хөгжүүлэх хэрэгтэй.

ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь ганцхан Улаанбаатар хотод төвлөрч, нийт үйлчилгээний 70 орчим хувь нь нийслэлд төвлөрсөн. Тийм учраас нийгэм, эдийн засгийн асар олон асуудал үүсч байгаа. Түгжрэл, утаа, үер усны асуудал гэх мэт. Энэ чигээрээ явбал нөхцөл байдал улам хүндэрнэ. Ер нь энэ асуудлыг шийдэх хамгийн том шийдэл бол дагалдах хотыг байгуулах юм. Хамгийн боломжтой хот бол хамгийн эртний түүхтэй Хархорум. Тэр үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал гаргаж, тодорхой ажлуудыг шаардаж, эрчимжүүлж байна.

Урьдчилсан тооцооллоор, 2040 он хүртэл нийт хүн ам 4.5 саяд хүрэх төлөвтэй байгаа. Үүний 500 орчим мянгыг Хархорум хотод байршиж, амьдрах боломжтой. Мөн 285 мянган ажлын байр бий болж, наад зах нь 2 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хүнсний эрэлт хэрэгцээ гарч байна. Энэ хэрэгцээг ойролцоох аймгууд бүрэн хангах боломжтой.

Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Энэ дагуу хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүс нутгийн хөгжил дэвшлийг тэтгэх түлхүүр нь Хархорум хот. Энэ том төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх нь зүйтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн анхаарна. Зарим хөрөнгө оруулагчид урьдчилсан байдлаар саналаа өгч байгаа. Цаг үеийн асуудлыг шийдэх томоохон санаачлага юм.

Хот байгуулна гэдэг судалгаанд суурилсан төлөвлөлт байдаг. Нарийвчилсэн ТЭЗҮ-г хийж дуусаад, Орхоны хөндийн аль байршил дээр хотыг байгуулах вэ гэдгийг төлөвлөж, 2024 оны нэгдүгээр сард Засгийн газраар 189 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тусгай хэрэгцээнд газрыг авснаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах эрх зүйн үндэс нь бүрдэж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийнэ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү