Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол" төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл хамтран “Төсөл боловсруулах арга зүй"-н чиглэлээр чадавхижуулах сургалтыг энэ сарын 12-нд амжилттай зохион байгуулсан.
Сургалтанд Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн олон улсын зөвлөх Томас Хертзман, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Кевин Галахэр, ДДНХБ-ын суурин төлөөлөгч Жон Лиoнз, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын байгаль орчны ахлах ажилтан П.Онгонсар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын байгаль орчны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир, Шилжилт хөдөлгөөний олон улсын байгууллагын мэргэжилтэн Эманүэла Мүскара нар урилгаар оролцож төслийн танилцуулга, донор байгууллагын стратеги, санхүүжилтийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагуудын мэргэжилтнүүдийг дотоод, гадаадын донор байгууллагуудад хандах, төсөл, хөтөлбөр боловсруулах ур чадвараа дээшлүүлэх зэрэг шаардлагатай мэдээллийг системтэй өгөх чадавхийг бүрдүүлэх нь сургалтын гол зорилго юм. Сургалтын хүрээнд төслийн мөчлөгийн үе шатууд, төслийн санал боловсруулах, хувилбар шийдлүүд болон цар хүрээг сонгох зэрэг агуулга бүхий лекц хичээлүүд орж, оролцогчид багаар ажиллан, 4 төслийн санал боловсруулах дадлага ажлыг хийж гүйцэтгэсэн.
Мөн энэхүү сургалт нь “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг сурвалжлахуй" сэдвийн хүрээнд энэ сарын 14-24-ны хооронд үргэлжлэх бөгөөд үүгээрээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхижуулах юм. Монголын хувьд тогтвортой хөгжлийн төрийн бодлого цэгцэрсэн, хууль эрх зүйн баримт бичгүүд батлагдан гарсан. Гэхдээ тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг хөрсөн дээр буулгах, байгууллага, хувь хүмүүсийн амьдралд хэвшүүлэх, хамгийн чухал нь хүмүүсийн ухамсар сэтгэхүйд тогтвортой амьдралын ухаан суулгах ажил эхлэл төдий байна. Иймд Тогтвортой хөгжлийн мэдлэг, боловсролыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бусдад түгээхийн тулд сэтгүүлчдийн тогтвортой хөгжил, ногоон хөгжил, байгаль орчны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бодитой хувь нэмэр оруулахад энэхүү сургалт чиглэгдсэн болно. Төрийн байгууллага нь хэвлэл мэдээллийн байгууллагаар зөвхөн бодлого, үйл ажиллагаагаа дамжуулах биш мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцах, харилцан бие биеэ хөгжүүлэх нь үр дүнтэй хамтын ажиллагаа юм. Иймээс олон нийтийг тогтвортой амьдралын хэв маягт сургаж хэвшүүлэх нь бидний алсын хараа, том үр дүн болно хэмээн төслийн багийнхан онцолж байлаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.