Үндсэн хуулийн 21.1 дүгээр зүйл заалт буюу УИХ-ын сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо нэмэгдүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.
Тодруулбал, 21.1 дүгээр зүйлийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчилсөн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон 63 гишүүний 58 нь дэмжсэн.
Улмаар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эцсийн хувилбарыг УИХ-ын дарга үсэгчлэн уншиж танилцуулсны дараа хуралдаанд оролцсон 68 гишүүнээс 63 гишүүн дэмжиж, таван гишүүн татгалзсан санал өглөө. Тодруулбал, АН-ын бүлгээс Ж.Батсуурь, С.Ганбаатар, МАН-ын бүлгээс Ц.Даваасүрэн, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар татгалзсан санал өгснөөр УИХ-ын сонгуулийн тогтолцоо, тоо хоёрыг эцэслэн батлав. Хэлэлцэх асуудлын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Тэрбээр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын гишүүд болон ард иргэдэд хандан “Ажлын хэсэгт баярлалаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүд маань тойрогтоо ажиллаж, ард иргэдийн саналыг сонслоо. Иргэдийн зүгээс олон санал хэлсний дотор Үндсэн хуульдаа байсхийгээд л гар дүрээд байх уу гэх асуулт олон таарлаа.
2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт үр дүнгээ өгч байгаа. Олон өөрчлөлт цаашдаа гарна. Сангууд ил болно. Бид 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дутуугаа гүйцээлээ. Давхар дээл бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан юм биш шүү. Алдааг залруулсан асуудал юм. Олонхийн дотор Засгийн газрын гишүүд олонхи болж байсан учраас гишүүдийн тоотой, Засгийн газрын гишүүдийн тоог тэнцүүлэх шаардлагатай гэж Цэц үзсэнийг залруулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт маргаашнаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхлэх байх.
Зөв зүйлээ тайван, алсуур хийж эхэлвэл олон үр дүн гарна. Шударга иргэдийн төлөөлөл төрд орж ирэх боломж дагалдах олон хуулиар бий болно. УИХ-ын тухай, УИХ-ын Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хууль гээд цогц өөрчлөлт эхлүүлэхийн төлөө явна.
Бүх зүйл маргааш сайхан болохгүй ч даацтай өөрчлөлтүүдийг хийнэ. Том өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Алдаанаас суралцсан, зөв өөрчлөлтийг иргэд хүсэмжилж байгаа учраас бид алдаагаа засаж байгаа юм. Шударга бустай үл эвлэрдэг, хэрсүү иргэд олонхийг бүрдүүлж буйг бид сая хэлэлцүүлгийн явцад харлаа.
Олон гишүүд Ашиг сонирхлын тухай хуулийн асуудлыг хөндлөө. Тоондоо биш чанарт анхаарахын төлөө улам шаргуу ажиллах болно. Парламентын гишүүдийн нэр хүндэд халдах оролдлого ч гадаад, дотоодоос гарч буйг үгүйсгэхгүй. Цаашдаа бохир арга барилаар төрийг удирдаж чадахгүй болно. Монголын ард түмэн шударга ёсыг, үнэн зөвийг хүсэмжилж байна. Хэрсүү иргэд тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийг хүсэмжилж байна. Тиймээс буруугаа илчилдэг, нийгмийн асуудлаа зоригтой илчилж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг иргэдийн эрх ашигт нийцсэн төрийг бий болгохын төлөө хичээж ажиллана. Нийгмийн хүсэл зоригоо сонсож, түүний төлөө зүтгэх нь бидний үүрэг юм. Төрд итгэх итгэл бол ардчиллын суурь” хэмээлээ.