Ноёд группийн ерөнхийлөгч Г.Буяндорж өнөөдөр хэсэг прокурорын хууль бус буруутай үйл ажиллагааг нотолсон гэх 68 хуудас бүхий баримтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргад хүлээлгэн өглөө.
Тэрээр өөрийн “Ноёд” групийн охин компанийг хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд зохион байгуулалттайгаар бүлэглэн дээрэмдэж, 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүгч н.Алтанцэцэгийг өөрийнхөө бүрэн эрхийг хэтрүүлэн бусдын нөлөөнд автаж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа ажээ.
Г.Буяндорж хэлэхдээ “Би сүүлийн есөн жил хууль хяналтын байгууллагаар явсны эцэст, хэрэг маань цагаатгасан учир өнөөдөр гомдол гаргаж байна. Нийслэлийн прокурорын хяналтын газрын прокурор байсан н.Халиун надаас зуун мянган долларын авилгал өгөхийг шаардсан.
Би 10000 долларын урьдчилгаа өгч, 90000 долларыг хэрэг шийдэгдсэний дараа өгөхөөр гэрээ байгуулсан. Гэвч ийм их мөнгийг өгч чадахгүйгээ мэдэгдэхэд эрүү үүсгэсэн.
Би 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног цагдан хоригдсон. Иймээс энэ нэр бүхий прокуроруудыг шалгаж өгөхийг хүсэн 65 хуудас нотлох баримтын хамт өгч байна. Мөн Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах албаны зарим нэг мөрдөгчид, прокурор шүүгч нарын хууль бус зохион байгуулалттай ажилд оролцсоныг энэхүү нотлох баримтдаа хавсаргасан байгаа. Энэ хэрэг дээр Салхитын мөнгөний ордны хуулийн байгууллагын хууль бус үйлдэлтэй адилхан зүйл ажиглагдаж байна” гэсэн юм. Түүний хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэхээ мэдэгдлээ.