“Ээж”-ийн охин Берен Гокюилдиз

“Ээж”-ийн охин Берен Гокюилдиз


6 жил

Монголчуудыг байлдан дагуулж буй Туркийн олон ангит “Ээж” киноны гол дүр болох Мелекийн дүрийг чадварлаг бүтээсэн бяцхан жүжигчин Берен Гокюилдизийг танилцуулж байна.

Берен Гокюилдиз нь 2009.09.20-ны өдөр Туркийн Истанбул хотод мэндэлсэн, айлын ганц хүүхэд юм. Түүний аав нь механикийн инженер, харин ээж нь хүний нөөцийн менежер мэргэжилтэй ажээ. Берен охин жүжигчний хувьд насандаа баймгүй их амжилтад хүрсэн тул ээж нь ажлаасаа гарч, охиныхоо хичээл, ажлын цаг, орлого зэргийг нь зохицуулдаг нэг ёсны менежерийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Анх таван настай байхдаа зар сурталчилгаануудад болон “Миний гэр бүл” хэмээх уран сайхны кинонд туслах дүр бүтээснээр түүний жүжигчний карьер эхэлжээ. Дөнгөж таван настай байсан ч Берен охин “Миний гэр бүл” кинонд Пелин гэх охины дүрийг маш чадварлаг, өөртөө итгэлтэйгээр бүтээж чадсанаар олон хүний магтаал, хайр хүндэтгэлийг хүлээсний дотор “Ээж кино төслийг эхлүүлэн, гол дүрийн жүжигчин охин хайж байсан агентлагийнхны нүдэнд өртсөн ажээ. Тэдний шалгуурт авьяаслаг бяцхан охин бүрэн нийцэж байсан тул киноныхоо гол дүрд тоглуулахаар болсон нь түүний хувьд Кансу Дере, Вахиде Гордум, Серхат Теоман зэрэг чадварлаг жүжигчидтэй эн зэрэгцэн тоглох аз завшаантай, бас хариуцлагатай ажил болсон гэдэг. Берен тус кинонд 2016 онд, долоон настайдаа тоглож эхэлсэн байна.

Берен Гокюилдиз тоглосон уран бүтээлүүдээс дурдвал:

2014-2015 онд Миний гэр бүл, Пелин охин буюу туслах дүр

2016 онд “Гулдуй Гулдуй” театрын жүжиг

2016 онд "Ээж"олон ангит кинонд Мелекийн дүрийг

2017 онд "Зөгийн бал" хүүхдийн кино

2018 онд "Бидний түүх", "Миний охин"зэрэг кинонуудад гол дүр бүтээж байгаа юм.

Анхны тоглосон киногоороо Истанбулын Гелисин их сургуулийн урлагийн наадмаас “хамгийн хүндтэй хүүхэд”, 2016 онд “Алтан эрвээхэй” кино наадмаас “шилдэг жүжигчин хүүхэд” шагналыг өөрийн авьяаслаг жүжиглэлтээрээ хүртжээ.

Берен Гокюилдиз нь таван настай байхаасаа л жүжиглэж эхэлсэн болохоор аль хэдийн олон хүний өмнө биеэ зөв авч явах, камертай ажиллах зэрэг ур чадварт суралцсан. Тайзан дээр гарахдаа огт сандардаггүй гэдгийг хамтран ажиллагсад нь хэлдэг юм. Гэхдээ “Ээж” киногоороо “шилдэг жүжигчин хүүхэд” шагнал хүртээд байхдаа тайзан дээр шагналаа санамсаргүйгээр унагаснаас болж багагүй шүүмжлэлд өртөж байжээ.

Берен Гокюилдиз нь өдгөө бага ангид суралцдаг, тооны хичээлдээ дуртай, харин англи хэлний хичээл төвөгтэй санагддаг гэнэ. Мөн зураг зурах, усанд сэлэх хоббитой. Ганц эвэртэд маш их дуртай болохоор өрөөнийх нь чимэглэл, унтлагын хувцас гээд бүгд ганц эвэртийн зурагтай байдаг. Хачирхалтай нь түүний дуртай хүнсний ногоо нь сонгино, саримс гэнэ. Түүний мөрөөдөл нь поп од, эсвэл хүүхдийн эмч болох, мөн усанд сайн сэлдэг болохоор мэргэжлийн тамирчин болох тухай ч боддог гэнэ. Айлын ганц хүүхэд болохоор ээжээсээ дүү төрүүлж өгөхийг үргэлж гуйдаг хэмээн ээж нь нэгэн ярилцлагынхаа үеэр дурсжээ.

Дашрамд дурдахад түүний инстаграм хуудас нь 550,000 дагагчтай байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү