Монгол Улс дайны үед ЗХУ-д үзүүлсэн тусламж

Монгол Улс дайны үед ЗХУ-д үзүүлсэн тусламж


7 жил

Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид хамтарсан тогтоол гарган, Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжиж, «Зөвлөлтийн ард түмэнтэй эвдэршгүй бат найрамдалтай манай эрх чөлөөг эрхэмлэгч, тусгаар тогтносон улсын бүх ард түмэн фашистын Герман ийнхүү итгэл эвдэн халдсаныг туйлаас буруушааж, зөвлөлт, монголын ард түмний найрамдлыг бүх талаар бэхжүүлэн, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1936 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан “Харилцан туслах тухай Гэрээ”-гээр хүлээсэн үүрэгтээ үнэнч байх болно» гэдгээ илэрхийлсэн юм.

1941 оны дундуур хуралдсан МАХН (МАН)-ын Төв Хорооны бүгд хурал: “фашистын Германыг эсэргүүцсэн Зөвлөлт Холбоот Улсын эх орны шударга их дайн нь нийт хүн төрөлхтний эрх чөлөөний төлөө, БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө дайн юм” гэж тэмдэглэсэн байдаг. “Фашистын Германитай эрэлхэгээр тэмцэж буй ЗСБНХУ-ын ард түмэнд бүх талаар туслах нь Монгол Улсын нэг гол зорилт юм, учир нь дэлхий дахины ард түмнийг боолчлохоор заналхийлсэн гитлеризмийг ялахгүйгээр Монгол Улс цаашид эрх чөлөөтэй, амжилттай хөгжих боломжгүй” гэж бүгд хурлын шийдвэрт онцлон тэмдэглэжээ.

МАХН-(МАН)-ын Төв Хороо, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулсан тусгай комисст Улаан армид туслах ажил зохион байгуулахыг даалгажээ. ЗХУ-д туслах санд ард, иргэд мөнгө, үнэт зүйлс, хүнсний бараа хуримтлуулах ажил орон даяар өрнүүлж, дулаан хувцас цуглуулж, дайчдад илгээх бэлэг бэлтгэж байлаа. Монгол Улсын хөдөлмөрчид «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» уриа дэвшүүлэв.

Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинатын ажилчин, албан хаагчид, гар урлалын артелийн хамт олон ажлын өдөртөө 10 цагаар, амралтын өдрүүдээр бас илүү цагаар ажиллаж, фронтын дайчдад зориулсан дулаан хувцас, бусад эдлэл оёж бэлтгэж байжээ. Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй тусгай комисст Улаан армид зориулан зээр, гахайн мах бэлтгэх анчдын бригадыг орон нутагт зохион байгуулахад, анчид ангийн мах бэлтгэх төлөвлөгөөг байнга давуулан биелүүлж байжээ. Монголын эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байв. Олон аймагт эмэгтэйчүүд зөвлөлтийн дайчдад зориулан олон арван мянган цамц, дулаан хүрэм, бээлий, оймс нэхэж байв. Олон хүн сайн дураараа цусаа өгч, донор болж байлаа.

1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс 15 мянган өвлийн иж бүрэн хувцас, 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа явуулжээ. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв. 1942 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газар Улаан армид зориулсан агт морьдыг малчин ардуудаас улсаас жич тогтоосон үнээр худалдаж авах тогтоол гаргав.

Монголын ард түмнээс Улаан Армид бэлэглэсэн “Хувьсгалт Монгол” танкийн цуваа

Монгол Улсын Засгийн газар танкийн цуваа байгуулахад хөрөнгө хуримтлуулах тухай шийдвэрийг Монгол Улсын Бага хурлаас 1942 оны нэгдүгээр сарын 16-нд гаргажээ. Хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс 1942 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ЗХУ-ын Внешторг банканд 2.5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулсан нь 3 815 725 рубльтэй тэнцэх мөнгө байв.

Үүгээр Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн домогт танкаар шалгарсан Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн цувааг худалдан авсныг маршал Х.Чойбалсан тэргүүтэй Монголын ард түмний төлөөлөгчид 1943 оны нэгдүгээр сарын 12-нд ЗСБНХУ-ын Москва орчмын Наро-Фоминск өртөөн дээр зөвлөлтийн Улаан армийн 112 дугаар бригадын дайчдад гардуулан өгч, «Хувьсгалт Монгол» гэсэн хүндэт нэр олгосон юм.

Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол” гэснээс гадна бас яг хэний хөрөнгөөр тухайн танкийг бэлэглэж байгааг бичсэн байв. Тухайлбал, 32 ширхэг Т-34 танкын цамхаг дээр тус бүр: Төв, Баянхонгор, Жавхлант, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Булган, Архангай, Завхан, Увс, Ховд, Хэнтий аймгийн ардуудаас, “Улаанбаатарын хөдөлмөрчдөөс”, “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “МХЗЭ-ийн гишүүдээс”, “Монголын ардын хувьсгалт армийн цэрэг, дарга нараас”, “Чойбалсангийн нэрэмжит АҮК-ын ажилтан, ажилчдаас”, “БНМАУ-ын хилчдээс”, “БНМАУ-ын журамт цэргээс”, “БНМАУ-д оршин суугаа зөвлөлтийн иргэдээс”, “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс”, “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын Бага хурлаас”, “Бумцэндээс (БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга)”, “Хатанбаатар Магсаржаваас”; 21 ширхэг Т-70 танкын цамхаг дээр тус бүр: “БНМАУ-ын ардын гэгээрлийн ажилтнуудаас”, “БНМАУ-ын нүүрсний уурхайчдаас”, “БНМАУ-ын САА-н ажилчдаас”, “БНМАУ-ын пионер, сурагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “БНМАУ-д оршин суугаа зөвлөлтийн эмэгтэйчүүдээс”, “Монголын чекистээс”, “Ардаас”, “БНМАУ-ын үйлдвэрчний эвлэлүүдээс”, “БНМАУ-ын эмнэлгийн ажилтнуудаас”, “БНМАУ-ынсэхээтнүүдээс”, “БНМАУ-ын партизануудаас”, “БНМАУ-ын аж үйлдвэрлэлийн хоршоологчдоос”, “Монголын Хоршоодын холбооноос”, “БНМАУ-ын урлагийн ажилтнуудаас”, “БНМАУ-д оршин суугаа хятад иргэдээс” гэж бичсэн байв. Эдгээр танкаас гадна 237 вагоноор хүргэсэн  1000 т мах, 90 т цөцгийн тос, 80 т хиам, 150 т чихэр, боов, 30000 ш богино нэхий дээл, 30000 хос эсгий гутал, 30000 ш үстэй хүрэм бэлэглэжээ.

1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25.3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1943 онд Монгол Улсын Бага хурал, Засгийн газрын шийдвэрээр «Монгол ард» нисэх онгоцны эскадриль худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатындансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ. 1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн хоёрдугаар хороонд 12 ширхэг цоо шинэ “Ла-5ФН” сөнөөгч онгоцноос бүрдсэн «Монгол ард» эскадрилийг хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол Улс эдгээр танкийн цуваа болон эскадрилийг дайн дуустал эд материал, хүнсээр хангаж байв.

Гвардийн сөнөөгч 2-р нисэх хорооны “Монгол ард”  эскадрилийн орлогч дарга ЗХУ-ынбаатар, гвардийн ахмад Александр Иванович Майоров (1921—2004).

1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээжээ. 1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах сангийн хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн санд мөнгөө хандивласаар байв.    Монгол Улс зэвсэгт хүчнээ бэхжүүлэх нь тусламжийн өөр нэг чиглэл байв. Цэргийн тоо байнга нэмэгдэж, дайны эцэс гэхэд гурав дахин нэмэгдэж, Монгол Улс улсын төсвийнхөө зарлагын 48,5 хувийг цэрэг армидаа зарцуулж байлаа.

Дайны жилүүдэд хоёр улсын хоорондын худалдаа зогсоогүй бөгөөд Монголоос ЗХУ-д жил бүр дунджаар 140 мянга гаруй үхэр, 1 сая шахам хонь, ямаа, 170 мянган ширхэг үхрийн арьс шир, их хэмжээний гянт болд нийлүүлж, оронд нь бензин, шатахуун, гурил, цай, даавуу, хувцас авч байв. Харин Монгол Улсын Засгийн газар дайны жилүүдэд ЗСБНХУ-аас бараа импортлохоо эрс багасгаж, хөнгөн үйлдвэрийн зарим төрлийн барааг өөрсдөө үйлдвэрлэж байв.

Дайны турш ЗХУ-д үзүүлж байсан АНУ-ын лэнд-лизийн ихээхэн тусламжийн зэрэгцээ монголчуудын илгээсэн тусламжийн бараа бүтээгдэхүүн хэмжээгээрээ дутахааргүй их байсан юм. Тухайлбал, бүхий л дайны турш 120 гаруй сая хүн амтай АНУ-аас ЗХУ-д  665 мянган тннөөшөлсөн мах, 54 мянган тонн ноос нийлүүлсэн байхад, 800 мянган хүн амтай жижигхэн Монгол Улс энэ хугацаанд 500 мянган тонн мах, 64 мянган тонн ноос нийлүүлжээ. Дээр нь дайны турш Монголоос ЗСБНХУ-д нийлүүлсэн 500 мянга гаруй агт морь фронт дээр техникээс дутахгүйгээр, заримдаа авто машин явахааргүй хүнд нөхцөлд зүтгэж, ялалтыг ойртуулахад үнэлж барашгүй хувь нэмрээ оруулсан билээ. Фашистын Германыг ялахад Оросын зэс, Америкийн дарь, зөвхөн Монголын гянт болдыг нийлүүлж хийсэн хуяг нэвтлэх сумыг үйлдвэрлэж байв.

Ийнхүү монголчууд бид Дэлхийн Хоёрдугаар дайны үед хойд хөршийнхөө ард түмнийг ядарч, зүдэрч байхад нь орхиж, хаялгүй, холбоотныхоо гэрээнд үнэнч байж, аугаа их ялалт байгуулахад нь багагүй хувь нэмрээ оруулсан түүхтэй билээ. Хүн төрөлхтний заналт дайсан Фашистын Германыг ялан дийлэхэд хувь нэмэр оруулсны гэрч болох, манай ард түмний хөрөнгөөр байгуулсан «Хувьсгалт Монгол» танк, «Монгол ард» нисэх онгоцны хоёр хөшөө Улаанбаатар хотод бий.

Харамсалтай нь Монголын ард түмний Дэлхийн Хоёрдугаар дайны үед байгуулсан тэрхүү их гавьяаг мөнхрүүлсэн ганц танкын хөшөөг өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр социализм, зөвлөлтийг үзэн ядсан зарим иргэн хэт туйлшран ад үзэж, хог дээр хаяхын даваан дээр Зайсан толгой руу шилжүүлэн байрлуулсан билээ. Уг нь манай өнөөгийн хүүхэд, залуус, хойч үеийнхэнд болон манай улсад ирж буй зочин, гийчдэд Монголын ард түмэн хүн төрөлхтний нийтийн дайсан фашизмыг дарж, устгахад гар бие оролцсоныг бахархан харуулах түүхэн баримтын нэг юмсан.









Нийтлэлч: А.Ариунзаяа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү