ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо


7 жил

ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Владимир Путин өнөөдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.

Энэ удаагийн тангараг өргөх ёслол түүний улс төрийн карьерт дөрөв дэх удаагийнх бөгөөд тэрбээр дахин 6 жил улс орныг удирдах болж байна.

Путин анх 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болж, 2004 онд улиран сонгогдож байсан. ОХУ-ын Үндсэн хуулинд нэг хүн гурван удаа нэрээ дэвшүүлэх эрхгүй байдгийн улмаас тэрбээр 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй. Путин энэ сонгуульд Дмитрий Медведевийг дэмжиж өөрөө 2008 оны тавдугаар сард Засгийн газрыг тэргүүлсэн. 2008 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дөрвөн жил байсныг зургаан жил болгосон юм.

Путин 2012 онд дахин төрийн тэргүүн болсон. Харин 2018 оны сонгуулиар 56.4 сая сонгогчийн санал авч, илт давуу байдлаар ялж өнөөдөр тангаргаа өргөлөө.

Энэ удаагийн тангараг өргөх ёслол нь Орос улсын нэн шинэ түүхэн дэх долоо дахь удаагийн ёслол болж байна.

“ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-ийн дагуу тангараг өргөх ёслол "Сонгуулийн төв хороо" сонгуулийн албан ёсны дүнг зарласнаас хойших 30 дахь хоног дээр болдог. Ёслолыг хэрхэн явуулахыг хуульчлаагүй ч ёслол хэрхэн, яаж болохыг ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний тангараг өргөх ёслолоос хойш нэг их өөрчлөөгүй, нэг л найруулгаар явуулж иржээ. Нэг өөрчлөгдсөн зүйл бол ёслол болох газар юм. Ельцин тангаргаа Кремлийн их хурлын танхимд өргөж байсан бол 2000 оноос эхлэн ёслолыг Кремлийн ордны Андреевын, Александровын, Георгиевын танхимд хийж ирсэн. 

Энэ удаагийн ёслол Андреевын их танхимд боллоо. Ёслолд оролцогчдын нэрсийг Ерөнхийлөгчийн протоколын алба гаргадаг. Үүнд Засгийн газрын гишүүд, төрийн дум болон Холбооны зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар, Үндсэн хуулийн шүүхийн гишүүд, гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгчид заавал оролцох ёстой байдаг байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдгийн хувьд “цөмийн зэвсгийн товчлуур”-ыг буюу "цөмийн чемодан"-ыг хүлээн авдаг. Энэ "цөмийн чемодан" гэдэг нь стратегийн цөмийн хүчнийг удирдах “Казбек” нэртэй систем. Ийм төхөөрөмж гурав байдаг байна. Нэг нь ерөнхийлөгчид, нэг нь Батлан хамгаалахын сайдад, нөгөөх нь Жанжин штабын даргад байдаг. Энэ гурван системээс нэгэн зэрэг нууцлагдсан код ирмэгц цөмийн хүчин үйл ажиллагаандаа ордог байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү