Ким-Мүний уулзалтын үр дүн буюу “Панмунжомын тунхаглал”

Ким-Мүний уулзалтын үр дүн буюу “Панмунжомын тунхаглал”


7 жил

   Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өчигдор Хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүс Панмунжомд түүхэн уулзалт хийсэн билээ. Хоёр Солонгосын удирдагчдын гурав дахь удаагийн уулзалтыг хийж байгаагийн хувьд тэр хоёрт урьд өмнөх хоёр удаагийн уулзалтын үр дүнг баталгааажуулах, хоёр орны харилцааг илүү дээд төвшинд гаргах түүхэн үүрэг ногдсон.

Хоёр удирдагч үүнийг сайтар ухамсарлан ойлгож байсан гэдэг нь тус уулзалтаас гаргасан “Панмунжомын тунхаглал”-аас харагдлаа. Энэхүү тунхаглал нь Ким Дэ Жүн-Ким Жон Ил, Ро Му Хён-Ким Жон Илийн хийж байсан гэрээний залгамж шинж чанарыг хадгалсан, илүү дээрдүүлсэн төдийгүй, Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар хамтрах хамгийн чухал асуудлыг багтаасан гэдгээрээ түүхэн ач холбогдолтой болов.

Өчигдөр орой болсон хүндэтгэлийн зоог, хүлээн авалт дээр хэлсэн үгэндээ Ким Жон Ун “Энэ удаагийн уулзалтаар бид хүссэн ахиц дэвшлээ гаргаж чадлаа. Хоёр улсын харилцаа царцсан хар дрсан зүүд шиг он жилүүдийг бид эцэслэхээр уулзаж, хоёр орны харилцаанд урин дулаан хавар ирлээ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.  

Ингээд уулзалтын гол үр дүн болсон Панмунжомын тунхаглалд орсон зарим чухал тохироог уншигчиддаа танилцуулья.

-1953 оны гал зогсоох хэлэлцээрээр завсарласан Солонгосын дайныг дуусгах найрамдлын гэрээг байгуулах,

-Хоёр улс нэг нэгэндээ аливаа дайсагнасан үйлдэл гаргахгүй байх

-Суртал ухуулгын нэвтрүүлэг явуулахаа тавдугаар сарын 1-нээс зогсоох замаар цэрэггүй бүсийг энхийн бүс болгох

-Цэрэг зэвсгийн хүчээ багасгах замаар Солонгосын хойгт тогтсон дайны уур амьсгалыг намжаах

-АНУ, БНХАУ-ыг оролцуулсан дөрвөн талт хэлэлцээр зохион байгуулахыг эрмэлзэх

- Дайн үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзуулах хөтөлбөрийг сэргээж, эрчимжүүлэх

-Хил орчмын авто болон төмөр замыг сэргээж хооронд нь холбосноор хоёр улсыг хамарсан тээврийн сүлжээ үүсгэх

-Спортын томоохон арга хэмжээнд нэг баг бүрдүүлж оролцдог уламжлалаа хадгалах, эхний ээлжинд энэ жил болох Азийн тоглолтод хамтарсан багаар оролцох

 -Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж Хойд Солонгост шийтгэл ногдуулах бус, харин Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудалд анхаарлаа хандуулж ажиллах

-БНСУ-ын ерөнхийлөгч ирэх намар Пёньянд айлчлах

-Хойд Солонгосын Гэсеонд талууд хамтарсан төлөөлөгчийн газар нээх зэрэг асуудлууд багтжээ. Энэхүү тунхаглалыг шинжээчид зөвхөн Солонгосын хойг төдийгү Зүүн Хойд Ази, цаашлаад дэлхий нийтийн энх тайван байдалд эерэгээр нөлөөлөх түүхэн ач холбогдолтой хэмээн дүгнэж байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү