1935 оны энэ өдөр "Рок-н-роллын хаан" Элвис Пресли мэндэлжээ. (1935 оны 1 сарын 8 – 1977 оны 8 сарын 16)
Пресли өөрийн дуучны замналаа 1953 онд эхэлсэн бөгөөд "Rock n Roll" дуугаар алдаршиж, кантри, ритм энд блюзийг рок хэв маягт оруулсан хэлбэртэй дуунуудаа олны хүртээл болгож эхэлжээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементүүдийг хослуулж чадсан тэрээр тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай авъяасаараа ихэд алдаршсан юм.
1960-аад онд Пресли өөрийн тоглосон 31 киноны ихэнхийг бүтээсэн бөгөөд тэдний ихэнх нь санхүүгийн хувьд ихээхэн амжилттай мюзиклууд байв. 1973 онд Пресли анх удаа хиймэл дагуулын тусламжтайгаар олон оронд шууд дамжуулсан концертоо тоглож , түүнийг нь дор хаяж 1 тэрбум хүн шууд үзсэн гэх тооцоо байдаг.
Тэрээр хөгжмийн түүхэнд хамгийн амжилттай, хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг. Элвис зүрхний өвчин, мансууруулах бодисын дон болон бусад шалтгааны улмаас дөнгөж 42-хон насандаа нас нөгчжээ. Харин түүний ганц охин Лиза Мэри Пресли дуучин болсон эцгийнхээ адил дуучин болсон бөгөөд өдгөө 50 нас хүрч байгаа билээ. Мөн тэрээр Попын хаан Майкл Жейксоны анхны эхнэр юм.