Дэлхий нийтийг шуугиулж, гайхашруулж, бас заримынх нь дургүйг хүргээд амжсан “Pen-Pineapple-Apple-Pen” дууны уран бүтээлч “Pikotaro” буюу Даимаоу Косака АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж дээрх зургийг авахуулснаа сошиал хуудастаа нийтэлжээ.
Ерөнхийлөгч Трампын Азид хийх 11 хоногийн айлчлалын Япон дахь өдрүүд өндөрлөж байгаа бөгөөд Токио хотын хөтөлбөрт нь “Pikotaro”-тай уулзах цаг багтсан байсан юм.
Учир нь, Трампын айлчлалд илүү найрсаг, эерэг уур амьсгал нэмэхийн тулд Шинзо Абэ дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг Японы хэвлэлүүд мэдээлж байсан.
Pikotaro-гийн 45 секундын урттай “PPAP” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлэхийн зэрэгцээ уг жагсаалтад багтсан хамгийн богино дуу гэдгээрээ онцлог юм. Уулзалтынхаа талаар Pikotaro "Трамптай уулзах нь нэр хүндийн хэрэг байсан" гэж онцлоод энэ үеэр авахуулсан 10 гаруй зургаа Твиттер хуудастаа нийтэлжээ. Харин Ерөнхийлөгч Трампын хуудаст энэ талаар пост хараахан оруулагүй байна.