Саудын Араб улсад эмэгтэйчүүд спортын цэнгэлдэх хүрээлэнд орж, тоглолт болон спортын бусад арга хэмжээг дэргэдээс нь үзэх боломжтой боллоо. Энэ тухай тус улсын спортын удирдах байгууллага болох Спортын ерөнхий хорооноос мэдэгдлээ. Энэ мэдэгдлийн дагуу, Саудын Арабын эмэгтэйчүүд ирэх 2018 оны эхнээс тус улсын нийслэл Эр-Рияд, Жидда, Даммам гэсэн 3 том хотын цэнгэлдэх хүрээлэнд спортын тоглолт тэмцээн уралдааныг үзэх боломжтой болж байна. Харин бусад хотын цэнгэлдэх хүрээлэнд орох эсэхийг хараахан шийдвэрлээгүй байгаа юм.
Учир нь, эмэгтэйчүүдэд аливаа арга хэмжээг үзэхдээ, цэнгэлдэх хүрээлэнд тусгай хаалгаар нэвтрэх болон тусгай суудалтай байх эсэх асуудал хараахан тодорхой болоогүй байна. Тиймээс жижиг талбайтай цэнгэлдэх хүрээлэн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргээс хамаарч, эхний ээлжид тус 3 том хотын цэнгэлдэхэд эмэгтэйчүүдийг нэвтрэх боломжтой болгожээ.
Саудын Арабын энэ шийдвэрийг хүйсийн тэгш эрхийн байдлыг хангахад чиглэсэн бас нэгэн чухал алхам болж байна гэж ажиглагчид үзэж байна. Энэ шийдвэрээс өмнө, энэ сарын эхэнд Саудын Арабын засаг захиргаа бас нэгэн хүйсийн тэгш эрхийг дээдэлсэн шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдэд автомашины жолоо барих эрхийг олгосон байна. Энэ шийдвэрийн дагуу, тус улсын эмэгтэйчүүд ирэх оны 6 дугаар сараас эхлэн жолоо барих эрх нь үүсэх гэнэ.