Иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа Иемен улсад 4 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон 22 настай Хуссейн аль-Сакет гэгчийг олон нийтийн нүдэн дээр цаазлах үйл явцыг гүйцэтгэхийн өмнөх дүр төрх энэхүү гэрэл зурагт буужээ.
Нийслэл Санаа хотын төв талбай болох Тахрирын талбай дээр цугласан олны дунд цагдаагийн ажилтнууд хэрэгтнийг буудаж, цаазын ялыг гүйцэлдүүлсний дараа цогцсыг нь кранаас дүүжилж нийтэд дэлгэн харуулжээ.
Цаазын ажиллагаанд шүүх хурлыг даргалсан шүүгч Ражэ Эззедин өөрийн биеэр оролцсон бөгөөд тэрээр Хуссейн аль-Сакетийг бага насны охиныг хулгайлж, хүчирхийлсний дараа амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутай нь тогтоогдсон гэж ярьжээ.
Иемений нийслэл Санаа хот 2014 оноос хойш шийтийн урсгалтай хуситы босогчдын хяналтад байгаа бөгөөд босогчид хотод хууль цааз хатуу үйлчилж байгааг нийтэд харуулахын тулд олны нүдэн дээр цаазын ялыг гүйцэтгэх нь энгийн явдал мэт болжээ. Энэхүү үйл явдал 2017 оны 8-р сард болсон бөгөөд үүнээс 2 долоо хоногийн өмнө 3 настай охиныг хүчирхийлсэн гэх Мухаммед аль-Маграби гэгчийг мөн олны нүдэн дээр цаазлаад байжээ. 2 дахь жилдээ үргэлжилж байгаа Иемений иргэний дайны хөлд 10 мянга гаруй энгийн иргэд амиа алдсан бөгөөд өдөрт 75 орчим хүн алагддаг гэх тоо баримтыг НҮБ-аас гаргасан байна.
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй