Испаний ерөнхий сайд Мариано Рахой өчигдөр буюу Лхагва гарагт Каталоны засгийн газарт шийдвэр гаргах найм хоногийн хугацаа өгч байгаагаа зарлалаа.
Энэ хугацаанд тэд тусгаар тогтнох санаагаа орхих хэрэгтэй, үгүй бол Испаний засгийн газар Каталоны автономит эрхийг цуцалж, Мадридаас шууд захирдаг болох гэнэ.
Ерөнхий сайдын энэ шийдэмгий алхам Мадрид-Барселоны зөрчлийг гүнзгийрүүлж, бас 1981 оны цэргийн эргэлт хийх оролдлогоос хойшх Испаний хамгийн том улс төрийн хямралыг эхлүүлж байна.
Каталоны засгийн тэргүүн Карлес Пуйчдемон өнгөрсөн Мягмар гарагт тусгаар тогтнолоо парламентийн чуулган дээр зарлах төлөвлөгөөтэй байсан ч хойшлуулж, Мадридтай эхлээд хэлэлцээр хийхээр болсноо мэдэгдсэн юм.
Түүний шийдвэр Каталоны иргэдийн сэтгэлийг гонсойлгосон. Ийнхүү тусгаар тогтнох их хүсэл эрмэлзлэлтэй Каталончууд “ацан шалаанд” ороод байна.
Хэрвээ тэд цааш үргэлжлүүлэн тэмцэнэ гэвэл Испаний ерөнхий сайд үндсэн хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу тус мужийн парламентийг тараах эрхтэй гэнэ. Испаний хувьд Каталон муж маш чухал. Хэл, соёлын хувьд өөр гэгддэг энэ мужийг алдвал Испаний эдийн засгийн гарц 20 хувь унаж, экспорт нь 25 гаруй хувиар буурах юм.
Аравдугаар сарын 1-нд болсон тусгаар тогтнолын санал асуулгыг Испаний засгийн газар хүчээр дарах гэж оролдсон ч сонгогчдын 46 хувь нь саналаа өгч чадсан гэгддэг. Тэдний 90 хувь нь Испаниас салж, бүгд найрамдах улсаа байгуулахыг дэмжсэн юм.
Эх сурвалж: Bloomberg