Өндөр тунт А аминдэмийн бэлдмэлийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна

Өндөр тунт А аминдэмийн бэлдмэлийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна


7 жил

Хүн хоногт авах шаардлагатай аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд зөв зохистой хооллох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр аминдэмийн бэлдмэл хэрэглэж болно.

Ялангуяа манай орны хувьд тав хүртлэх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутал өндөр хувьтай байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2010 онд хийсэн “Хүн амын хоол тэжээлийн 4-р судалгаа”-аар нийт хүүхдийн 32.4 хувь нь А аминдэм дуталтай, дийлэнх нь А аминдэм дунд зэргийн дуталтай байна. Энэ нь Монгол хүүхдүүд цаг агаарын болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч А аминдэмийг зайлшгүй нэмэлт бэлдмэл хэлбэрээр авах шаардлагатай байдаг.

А аминдэм дутахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайшдаг. Мөн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх эрсдэлтэй байдаг.

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхинцэцэгболон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна. 

А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд:

·         Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах

·         Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох

·         Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх

·         Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх.

Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төв дээр очиж өндөр тунт А аминдэмийг жилд 2 удаа заавал уулгах шаардлагатай байдаг. Үүнд: 

·         6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

·         12 сартайгаас 59 сартай хүүхэд 200 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

·         Харин 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү