“Исламын улс” террорист бүлэглэлийн лидер Абу Бакр аль-Багдади өөрийн талынханд хандсан бичлэгийг “Аль-Фуркан” гэх өөрсдийн сайтаар тараасан тухай террористуудын мэдээллийг хянадаг “Directorate 4” байгууллага дамжуулжээ. Тодруулсан мэдээллээр, тэрээр болж буй бүх хэрэг явдлын талаар мэдээлэлтэй байгаа гэжээ. Мөн түүний бичлэгт есдүгээр сарын Астана-6 хэлэлцээр, Хойд Солонгосын АНУ-д хийж байгаа аюул заналын талаар дурдсан байв. Энэ бүгдээс харвал бичлэгийг хоёр долоо хоногийн өмнө хийсэн гэж болохоор байгаа ажээ.
“Исламын улс”-ын лидерийн өмнөх мэдэгдэл нь 2016 оны арваннэгдүгээр сард олонд хүрч байсан юм. Энэ жилийн зургадугаар сард ОХУ-ын БХЯ ба ГХЯ тавдугаар сарын 28-нд хийсэн агаарын цохилтын үеэр террористуудын лидерийг устгасан өндөр магадлал байгаа гэж мэдээлж байв. Гэхдээ Оросын гадаадын тагнуулын албаны дарга Сергей Нарышкин үүнийг батлахаас татгалзсан ба Иракийн Дотоод хэргийн яам аль-Багдади Сирийн нутагт нуугдан бүгж байна гэсэн мэдээлэл хийж байв. Түүнийг устгасан тухай олон удаа мэдээлж ирсэн ч тэр нь батлагдаагүй байсан юм. Мөн Ливийн цөлд “Исламын улс” бүлэглэлийн сургуулийн лагерь гарч ирсэн тухай мэдээлж байна. Ливийн исламчуудын лидер Аль-Махди Салем Дангугийн толгойлсон Ливийн цөлийн армийн талаар мэдээлэл ч бий байгаа ажээ.