JATA 2017 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

JATA 2017 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА


7 жил

    Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2017 оны 9-р сарын 21-24-ний өдрүүдэд 40 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Дэлхийд томоохонд тооцогдох тус үзэсгэлэнд 2016 онд Япон улсын 47 муж, дэлхийн 150 гаруй улс орны төлөөллүүд болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож нийт 185,800 гаруй хүн үзэж сонирхсон байна.   

Сүүлийн жилүүдэд Япон жуулчдын Монгол улсад аялах эрэлт өсч байгаатай холбогдуулан Монгол улс болон нийслэл Улаанбаатар хотыг сурталчлах, тус улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Бирга Тур ХХК, Цэцэг зочид буудал, Говь Тур ХХК, Айрис Турс ХХК, Жигүүр ХХК, Жуулчин ХХК, Летс Трэвел ХХК, Номадик Туризм аялал жуулчлалын агентлаг, Ялгуун брэнд хамтран эх орноо сурталчлан оролцож байна.

09-р сарын 21-ний өдөр болж өнгөрсөн тус үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Япон Улсын Элчин Сайдын яамны Түр хамаарагч Д.Батжаргал нараар ахлуулсан албаны төлөөллүүд оролцлоо. 09-р сарын 21-22-ны өдрүүдэд бизнес уулзалтын өдрүүд болж өнгөрөв.

Монгол улсын үзэсгэлэнгийн танхимын дизайныг Монгол уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуй, үндэсний хэв маягийг орчин үеийн өвөрмөц шийдэлтэй хослуулсан загвараар тохижуулсан нь дэлхийн 150 орнуудын 10 мянга гаруй аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн тохижилт онцгойрч байлаа.

Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 09-р сарын 23-24-ны өдрүүдэд Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа дэлхий дахинаа өргөн сурталчлан үндэсний урлагийн концертыг хүрэлцэн ирсэн зочдод толилуулна.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд анх удаа Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өөрсдийн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаадад сурталчлан борлуулдаг дотоодын компаниудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар тус үзэсгэлэнд оролцуулж Монгол Улсыг дэлхийн олон орноос ирсэн зочдод сурталчилж байна.

Япон улсын Токио хот луу МИАТ ТӨХК шууд нислэг үйлддэг нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, аялал жуулчлал, худалдаа эдийн засаг зэрэг салбарыг олон талаар хөгжүүлэн өндөр түвшинд хөгжих үүд хаалгыг нээж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж цаг хэмнэж, тав тухтай аялах давуу талыг олгодог юм.

Үндэсний хувцасны уламжлалт элементүүдийг орчин үеийн уур амьсгалд оруулснаар дахин давтагдашгүй стиль бүрдүүлэн эх нутагтаа хийгдсэн торгон утсаар, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг Yalguun Accessories брэнд торгон алчуурыг тансаг хийцтэй атлаа өдөр тутмын хэрэглээ болгож чадсан бөгөөд Монголд хүрэлцэн ирэх олон мянган жуулчдад улсынхаа түүх, соёлыг агуулсан чанартай бүтээгдэхүүн санал болгох үүднээс НАЖГ-тай хамтран тус үзэсгэлэнд ивээн тэтгэгчээр оролцож байгаа нь онцлог болж байна.

 

   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү