Литвын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-аас ОУХМ П.Орхон алтан медаль хүртлээ. Ингэснээр тэр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн зургаа дахь тамирчин болсон бөгөөд тав дахь тамирчнаар Ганбаатарын Отгонжаргал өчигдөр аваргалсан билээ.
2017 он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дараалсан алтан медалиа Литвын дэвжээнээс хүртэв.
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан юм. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялж аваргалах болзлоо хангасан юм.
Эмэгтэйчүүдийн 58 кг-д спортын мастер Нансалмаагийн Лхагвадулам, 60 кг-д спортын мастер Пүрэвхүүгийн Шинэхүү нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Бат-Эрдэнийн Бямбадорж хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Хетик Цаболовт, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны дэлхийн хошой аварга Ираны Реза Афзали нарт ялагдснаар тавдугаар байрт орлоо.