БНАСАУ-ын зүгээс ирж байгаа цөмийн болон пуужингийн аюул заналын хариуд Өмнөд Солонгос болон АНУ хоёр ирэх 10 дугаар сард нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцуулан цэргийн хамтарсан сургуулилт хийхээр болсон тухай “Ренхап” агентлаг уламжиллаа. АНУ-ын зүгээс энэ сургуулилтад нисэх онгоц тээгч “Карл Винсон” эсвэл “Рональд Рейган” хөлөг онгоц тэргүүтэй тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг оролцох юм байна. Мөн Японы тэнгисийн цэргийн хүчин сургуулилтад оролцож боохыг үгүйсгэхгүй байна.
Тэгэх зуур БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин-ийг дэмжих дэмжлэгийн төвшин сүүлийн 3 долоо хоног дараалан унаж 67,1 хувьд хүрээд байна. Судалгааны “Рийлметер” агентлагийн уламжилснаар, долоо хоногийн өмнө өнгөрсөн 5 дугаар сард засгийн эрхэнд гарсан Мун Жэ Ин-ий нэр хүнд 80 хувьтай байсан бол энэ удаад ийнхүү доош унасан нь умард хөршийн зүгээс ирж байгаа пуужингийн аюул заналтай шууд холбоотой гэнэ. БНАСАУ энэ сарын 15-нд дахин баллистик пуужин харвасан. Пентагоны үзэж байгаагаар, Умард Солонгос энэ удаа дундын зайны пуужин туршжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгос энэ сарын 3-нд ээлжит цөмийн туршилт хийсний хариуд тус улсын эсрэг хатуу чанга хориг тогтоогоод 4 хонож байтал ийнхүү пуужин харвасныг дэлхийн хамтын нийгэмлэг сөргөөр хүлээн авсан юм.