АНУ төдийгүй дэлхийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 9/11-ний аймшигт халдлагын улмаас 2750 гаруй хүн амиа алдсан гэсэн тоо бий. Халдлагаар гэмтэж бэртсэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, найз нөхөд гэхчилэн нийт 75 000 орчим хүн сэтгэл санааны болоод бие махбодийн эмгэгтэй болж үлдсэн гэж үздэг.
Орон нутгийн цагаар 08.45-д амиа золиослогчдод барьцаалагдсан Бойнг-767 онгоц Нью Йоркийн ихэр цамхгийн нэг болох Дэлхийн худалдааны төвийн 110 давхар барилгын 80 дугаар давхрыг мөргөв. Хүмүүс юу болоод байгааг ойлгож ч амжаагүй байхад буюу 18 минутын дараа хоёр дахь онгоц нөгөө цамхагийнх нь 60 дугаар давхрыг мөргөсөн байна.
Тухайн өдөр зорчигч тээврийн 4 онгоц террористуудын барьцаанд орсон бөгөөд 2 ихэр цамхгаас гадна Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж, талыг нь нураасан бол үлдсэн 1 онгоц нь Вашингтоноос хэдхэн километрийн зайд унаж сүйрчээ. 9/11 хэмээн нэрлэгддэг аймшигт халдлага өнөөг хүртэл америкчууд, дэлхий нийтийн зүрхийг шимшрүүлсэн хар дарсан зүүд мэт санагддаг харамсалтай үйл явдал хэвээр байгаа билээ.