Дуучин С.Нарангийн санаачилсан “DECO” төсөл амжилттай хэрэгжиж дуусчээ. Тэрбээр энэ удаа Монгол, Германы хамтарсан “Отгонбаяр” сан “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, “Хурд” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, дуучин Наагий, жүжигчин Б.Баатархүү нарын зэрэг урлаг, соёлын томоохон төлөөлөлтэй хамтран хамтран “Гачуурт” тосгонд байрладаг 85-р сургуулийн багш нарын өрөөг дахивар нөөц ашиглан тохижуулан амжилттай хүлээлгэн өгөв.
"DECO" буюу "Дахивар нөөцөнд суурилсан эко хөгжил" гэх утгатай энэхүү төсөлд урлаг соёлыхноос гадна олон байгууллага гар бие оролцсон ажээ.
Сайн үйлсийн энэхүү төсөл нь байгальд ээлтэй эд материал болон хэрэглэгдэхээ больсон бүтээгдэхүүнүүдийг ашиглан бүтээлчээр сэтгэж, хогийг зөвхөн хог гэж харалгүйгээр боломж болгон ашиглах зорилготой ажээ.
Дээрх төсөл 2015 онд нээлтээ хийж, Баянгол дүүрэгт амьдардаг нэгэн эмэгтэйн хашаа байшинг тохижуулан өгсөн байдаг билээ.
Дуучин С.Наран энэхүү төслөө цаашид ч үргэлжлүүлэх бөгөөд “Сайхан амьдрахад заавал их мөнгө шаардлагагүй, гол нь чин сэтгэл хичээл зүтгэл байхад бүх зүйл болдог” хэмээсэн юм.