Шивээсчин Бандга:Хоббигоороо амьдраад явж байна

Шивээсчин Бандга:Хоббигоороо амьдраад явж байна


7 жил

Шивээсчин М.Бат-Ирээдүй Польш улсад ажиллаж байхдаа шивээс хийж сураад эх орондоо буцаж ирэн СУИС-ийг дүүргэснээр замналаа эхлүүлжээ. 15 жил тасралтгүй шивээж хийж буй түүнийг Бандга гэдэг нэрээр нь хүмүүс илүү мэддэг. Япон улсад биен дээрх зургаар мэргэжил дээшлүүлжээ. Түүний нээсэн үсчний салон нь одоогийн "Матрикс".

Шивээсийг анх хэзээнээс сонирхож хийж эхэлсэн бэ?

Багаасаа зураг зурах дуртай байсан. 1996 онд Польш улсад 2 жил амьдарч байхдаа шивээс соинрхож эхэлсэн. Шивээс хийж сурмаар санагдаад шивээсний газар орж гардаг байсан. Тэгээд л шивээсчин болъё гэсэн зорилго тавьсан. Монголд ирээд СУИС-ийн монгол зургийн ангид сурч төгссөн. Төгссөнөөсөө хойш буюу 2002 оноос хойш тасралтгүй 15 жил шивээс хийж байна.

Орчин үед бүх насныхан шивээс хийлгэх сонирхолтой болсон юм шиг санагддаг. Ихэвчлэн хэдэн насны ямар хүйсний хүмүүс таньд хандаж шивээс хийлгэж байна?

Ихэнхдээ 20-40 насныхан ирдэг. 17,18 тай болон 50,60-тай хүмүүс ч ирдэг. Насны хувьд одоо бол хязгааргүй болсон. Анх настай хүмүүс, хүүхдүүд ирдэггүй байлаа. Би 18 нас хүрсэн хүнд л шивээс хийж өгдөг. 18 нас хүрээгүй харгалзах хүнгүй явж байгаа хүүхдэд бол шивээс хийдэггүй. Хүйсийн хувьд бараг ялгаагүй. Сүүлийн үед эмэгтэйчүүд хийлгэх нь нэмэгдэж байна. Тэд ихэвчлэн жижиг хэмжээний шивээс хийлгэх сонирхолтой. Харин эрэгтэйчүүд нурууны бүх хэсгээрээ ч юм уу харьцангуй том шивээс хийлгэдэг.

Шивээс хийлгэхийн өмнө анхаарах ёстой зүйл гэж бий юу?

Том хэмжээний шивээс хийхэд цус их гардаг. Тиймээс анхаарах зүйл гэвэл шивээс хийлгэхээс өмнөх өдөр согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан нь дээр. Учир нь архи , согтууруулах ундаа цусыг шингэрүүлдэг. Мөн хамгийн гол нь хүн ямар шивээс хаана хийлгэх гэж байгаагаа зөв төлөвлөсөн байх хэрэгтэй.

Хүмүүс хийлгэх шивээсийн зургаа өөрсдөө авчирч байна уу? Эсвэл та бэлэн зургуудаасаа үзүүлэн санал болгодог уу?

Надад бэлэн зураг байгаа. Гэхдээ шивээс бол тухайн хүмүүсийн өөрийн биен дээр байх учраас санаагаа өөрсдөө сайн олох хэрэгтэй. Тухайн хүнийг би сайн мэдэхгүй учраас ийм зүйл шивүүл гэж зөвлөж чаддаггүй. Тиймээс шивээс хийлгэх гэж байгаа хүний санаан дээр үндэслээд би зураг зурна эсвэл хайж олдог.

Ер нь шивээс хийхэд хэр хэмжээний цаг зарцуулдаг вэ?

Хэмжээнээс шалтгаална. Жижиг шивээс хийхэд ихэвчлэн 1-2 цаг зарцуулдаг. Том шивээс хийхэд 1-2 сар ч болох тохиолдол бий.

Шивээс хийхэд хэцүү газар гэж байдаг уу?

Хүн болгоны арьс өөр өөр байдаг. Гэхдээ хавирга, суга гэх мэт зөөлөн арьстай газар шивээс хийх бага зэрэг хэцүү байдаг.

Шивээс удахаараа бүдгэрээд дахин сэргээлт хийх шаардлагатай болдог. Хэдэн жил болж байж бүдгэрдэг юм бол?

Шивээс нэг сайн орвол бүдгэрээд, сэргээхээс наашгүй болж арилна гэж байдаггүй. Эхнээсээ будаг бүх юм нь сайн байж орох газраа орвол бүдгэрээд байдаггүй. Сүүлийн үеийн будагнууд ганддаггүй болсон. Дээр үед будаг хөгжөөгүй байхад шивээсний өнгө бага зэрэг бүдгэрдэг байсан. Миний хэрэглэж байгаа Intenze-ийн будаг гандалт өгдөггүй, хувирдаггүй, хүний биед шингээд урвалд орж уусдаггүй. Будаг зүү хэрэгслээ бүгдийг нь АНУ-аас авч хэрэглэдэг.

Үнийн хувьд?

Шивээсний үнэ харилцан адилгүй. Хар шивээс харьцангуй хямд. Өнгөт шивээс нь арай үнэтэй. Хэмжээ, ажиллагаанаас шалтгаална. Монголын хувьд шивээс харьцангуй хямд хийгддэг. Би гадаадад шивээсийг 1 цагт 200 доллараар хийдэг. Монголд бол харьцангуй хямд хийдэг.

Таниар шивээс хийлгэхийн тулд захиалга өгөх ёстой юу? Эсвэл шууд ажил дээр чинь ирээд хийлгэж болох уу?

Шууд ирээд шивээс хийлгэх боломж бага. Ажил ихтэй байдаг тул хэлж ирээд шивээсээ тохироод, ямар шивээс хийлгэх гэж байгаа санаагаа өгөх хэрэгтэй. Дараа нь хийлгэх цагаа аваад ирж хийлгэдэг.

Шивээсчид аливаа нэг төрлөөр дагнах тал ажиглагддаг. Та ямар нэг төрлөөр дагнасан уу?

Миний хувьд ямар нэг төрлөөр дагнаагүй. Мэргэжлийн зураач учраас бүх төрлийн юмыг хийх ёстой гэж боддог. Хийхийг зорьдог.

Таны хобби?

Би хоббигоороо л амьдраад явж байна. Шивээс анх миний хобби байсан одоо харин бизнес болгоод хөгжүүллээ. Мотоцикл унах гэх мэт хобби бас бий.

Нэгэнт хийлгүүлсэн шивээсээ арилгуулахын тулд яах ёстой вэ?

Шивээс таалагдахгүй эсвэл муу зурагдсан шивээсийг арилгах хүсэлтэй хүмүүс бий. Гэхдээ шивээс бүрэн арилна гэж байхгүй. Яаж ч арилгасан хүний арьс хуучин байсан шигээ болохгүй. Тиймээс хийлгэхээс өмнө хэнээр ямар шивээс хийлгэх вэ гэсэн сонголтоо зөв хийх ёстой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү