УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүдтэй уулзлаа


7 жил

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Баасанхүү, Н.Оюундарь нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб, Вон Хэ Ён нарыг өнөөдөр /2017.08.02/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, манай орны “гуравдагч хөрш” бөгөөд бүс нутаг дахь хамгийн ойрын түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр 1990-ээд оны эхээр Монгол Улс шинэчлэлийн замд шилжих үед БНСУ-ын зүгээс олон талаар тусалж байсныг дурдаад өдгөө хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, иргэд, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БНСУ Монгол Улсад хөрөнгө оруулж буй топ таван орны нэгээс гадна монгол иргэд хамгийн олноороо оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж буй орон гээд энэ бүхэн тус улсын зүгээс оруулж буй эдийн засгийн бодит хувь нэмэр хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс эдийн засгийн түр зуурын хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед монгол иргэдийн асуудлыг урьдын адил анхаарч, дэмжлэг үзүүлэхийг мөн хүссэн юм.

Түүнчлэн эрхэм гишүүн Зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах асуудал манай улсын гадаад бодлогын тэргүүлэх байр суурийг эзэлдэг гээд Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай, Зүүн хойд Азид оршдог орны хувьд Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх, аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн хэмээлээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб, Монгол Улсын эдийн засаг Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн дэмжлэгээр хурдан сэргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Тэрбээр, 20-иод жилийн өмнө БНСУ ОУВС-ийн хөтөлбөрийг дөрвөн жилд хэрэгжүүлж, эдийн засаг нь хамгийн хурдан сэргэсэн орнуудын нэг болсон гээд эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд БНСУ-ын зүгээс бүхий л талаар туслах болно гэж хэллээ.

Ноён Ким Гён Хёб, БНАСАУ пуужин харван туршиж буй нь санаа зовоож байгаа хэдий ч тус улстай нээлттэй харилцаж, харилцаагаараа дамжуулан хамтдаа хөгжих бодлого барьж байгаа гэлээ. Тэрбээр мөн Солонгосын хойг, цөмийн зэвсгээс ангид байх асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб уулзалтын төгсгөлд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг онцгойлон анхаарах болно гэлээ  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү