Н.НАСАНБУЯН ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ИЙ ХОС МЕДАЛЬТАН БОЛЛОО

Н.НАСАНБУЯН ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ИЙ ХОС МЕДАЛЬТАН БОЛЛОО


7 жил

    Финландын Тампере хотод болж байгаа залуучуудын ДАШТ-ий эхний өдрийн медалийн төлөөх барилдаан болж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо.

Ингэснээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна. Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна. Н.Насанбуян манай эрэгтэй бөхчүүдээс өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн анхны тамирчин болж байна.

Түүний жинд 15 бөх барилдснаас Дархан-Уул аймгийн унаган хүү Н.Насанбуян эхний даваанд Туркийн Явуз Фатих Сентуркэд зургаан оноо дараалан алдаж дийлдэж явсан ч өрсөлдөгчөөсөө хоёр оноо авч тэндээсээ даралтад оруулан цэвэр ялав. Харин шөвгийн наймд энэ жилийн залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Армений Карен Зурабянд 2:13 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Армений бөх шигшээд шалгарснаар түүнд дагаж барилдах боломж гарч ирсэн. Улмаар дагах барилдаанд Косовогийн Дрилон Силаг 14:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Рахат Калзаныг 6:4-өөр ялсан юм. 
60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн дүүрэн байсан ч ашиглаж чадаагүй.


   ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д.Эрдэнэтулга нар барилдана.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү