Бусдын "шунал"-ыг дуудах эрдэнэсийн нууц сангууд...

Бусдын "шунал"-ыг дуудах эрдэнэсийн нууц сангууд...


7 жил

Хүн төрөлхтний түүх нууцлаг, учир битүүлэг зүйлсээр дүүрэн билээ. Үүнээс тайлагдаж болох нэгэн нууц бол археологичид, эрдэнэсийн хайгуулчдыг амар тайван байлгадаггүй нуусан алт мөнгө, алдагдсан эрдэнэс юм. Урьд нэгэн цагт эдгээр алт эрдэнэс нь эздийнхээ агуу хүчирхэг гэдгийг харуулсан эд зүйлс байсан бол харин одоо тэдгээрийн нэг ч ул мөр үлдээгүй бөгөөд байгаа газар нь ердөө л таамаг төдий болжээ.

Далайн дээрэмчдийн эрдэнэс
Уран зохиол, кино урлагт далайн дээрэмчдийн нуусан эрдэнэс, харгис хэрцгий дээрэмчдийн хараал хүрсэн эрдэнэсийн тухай зохиомол түүх олон гардаг. Гэхдээ тэдгээр зохиомол түүхийн баатруудын дийлэнх нь бодит хүмүүс байсан нь нууц биш юм.

Английн “Хар сахалт” гэдэг хочтой далайн дээрэмчин Эдвард Тич далайн дээрэмчдийн түүхэнд хамгийн зартай нь ажээ. Харгис хэрцгий, хайр найргүй ахмадын амьдрал ердөө хоёрхон жил үргэлжилсэн боловч тэрбээр энэ хугацаанд асар их хэмжээний алт, үнэт эдлэлийг дээрэм тонуул, хулгайн замаар хуримтлуулжээ.

Ахмад Тич 1716 оноос эхлэн Испанийн хөлөг онгоцуудыг дээрэмдэж, тэднээс булааж авсан алтаа Өмнөд Америкаас Мексик рүү гэр лүүгээ зөөдөг байв. Ингэж 1798 оны намар хүртэл үргэлжилжээ. Энэ онд Тич болон түүний хөлгийнхөн Английн түрүүч Роберт Мэйнардын хөлөг онгоцтой хавиргалах байлдаан буюу зэрэгцэн тулалдаж ялагдсан байна. Тулалдааны үеэр ахмад Хар сахалт үхлийн 5 сумны шар, сэлэмний 20 шарх авчээ. Мэйнард Тичийн толгойг тас цавчиж, хөлгийнхөө босоо тулгуурын дарвуул тогтоодог хөндлөвчнөөс өлгөхийг тушаажээ. Амьд үлдсэн далайн дээрэмчдийн дүүжилж цаазаар авсан байна.

Харин Тичийн нөхдийнхөө хамт дээрэмдэж амжсан эрдэнэс оньсого болон үлджээ. Далайн дээрэмчин эрдэнэсээ хаа нэгтээ  нуусан гэх тэмдэглэл түүхийн архивт байдаг боловч тэрбээр эрдэнэсийг хайж олоход тус болчихоор ямар ч зүйл үлдээгээгүй байна. Тэгсэн хэдий ч эрдэнэсийн хайгуулчдын далайн дээрэмчдийн алтыг эзэмших хүслийг зогсоогоогүй юм.

Ахмад Эдвард Тичийн “Хатан хаан Аннагийн өс хонзон” гэдэг нэртэй хөлгийг 1996 онд хамгийн сүүлчийн тулалдаанаа хийж байсан Хойд Каролина муж улсын эрэг хавиас олжээ. Гэвч харамсалтай нь хөлөг онгоцноос ямар ч алт эрдэнэс олдоогүй байна. Эдвард Тичийн эрдэнэс байж болох өөр газрууд бол Карибын тэнгисийн арлууд, Каймановын арлууд дахь агуйнууд, бас АНУ-ын зүүн эрэг хавийн Чесапикийн булан ажээ.

1635-1688 онд амьдарч байсан Хенри Морган гэдэг Уэльсийн далайн дээрэмчин нэгээр дуусахгүй эрдэнэсийг нуужээ. Тэрбээр Тичийн адил Ямайкаас баруун хойд зүгт оршдог Каймановын арал дээр хэд хэдэн удаа очиж байсан байна. Чухам энд дээрэмдсэн алт эрдэнэсийнхээ заримыг нь нуусан байх магадлал асар их гэнэ. Түүнээс гадна, зартай дээрэмчин Кубын эргээс 65 км зайтай газар оршдог Пинос арал болон Стивенсоны алдартай зохиол дээр гардаг эрдэнэсийн аралтай усны дусал мэт адил арал дээр байрладаг байжээ. Далайн дээрэмчдийн толгойлогч тэнд бас дээрэмдсэн алт эрдэнэсээ нуусан байж магадгүй гэнэ.

1997 онд Панамын хоолойн бүсэд цэргийн алба хааж байсан Америкийн хоёр цэрэг Панамд буцан очжээ. Тэд Форт-Клейтон хотоос 40 км орчим зайтай газар Чагрес голын агуйгаас XVII зууны үед магадгүй Хенри Морганы өөрөө булсан байж болох алт, эрдэнэс олсон байна. Хачирхалтай нь тэдэнд эрдэнэсийг олоход захын наймаачнаас худалдаж авсан далайн дээрэмчний  хуучирсан газрын зураг тус болжээ. Нууц газарт Испанийн алтан зооснуудаас гадна алт, мөнгөн гоёл чимэглэл байсан байна. Дюваль гэгч бас нэгэн далайн дээрэмчин ахмад Тич эсвэл Хенри Морган шиг тийм ч алдартай биш боловч ер бусын хуурмаг зүйл сэддэгээрээ далайн дээрэмчдийн түүхэнд нэрээ үлдээжээ.

Ахмад Дювалийн нэр Канадын зүүн эргийн Сен-Лоран хоолойд оршдог Утес Персе аралтай холбоотой. Домогт өгүүлснээр, Английн цэргийн хөлөг онгоцууд Гаспе хойгт Дювалийн хөлөг онгоцгы бүслэх үед ахмад зугтахаар бэлтгэж, дээрэмдсэн эрдэнэсээ найдвартай газар нуухаар шийджээ.
Түүнд индиан газарчин дэргэд нь сүндэрлэж байгаа хавцгай цохионд хүрэх замыг заажээ. Хавцгай хадан цохионд хүрснийхээ дараа эрдэнэстэй авдараа ангалд нуусан байна. Илүү найдвартай нуухын тулд Дюваль дарьтай торх дэлбэлэхийг тушааж, ангал хад чулуунд дарагджээ.

Персе аралд хүрэхэд үнэхээр хэцүү байна. Арлын гурван талыг усан дорх үхэр чулуунууд, хадан цохионууд хүрээлдэг бөгөөд ойртож очиход асар бэрх ажээ.  Харин алт, эрдэнэсийг дээрэмдэх бус харин итгэл олох замаар заль мэх хэрэглэн авдаг тийм дээрэмчид ч бас байжээ. 1820 онд Перу улсын Лима хотод хувьсгал гарах тохироо бүрдээд байв. Алт эрдэнэсээ алдахыг айсан хотын эрх баригчид үнэт чулуу, алтан эдлэл, хүний өндөртэй чацуу Мария эхийн цэвэр алтаар хийсэн хоёр хөшөө гэх зэрэг бүх эрдэнэсээ Мексик рүү зөөхөөр шийджээ. Тээвэрлэх үүргийг ахмад Уильям Томпсонд хариуцуулсан байж. Гэвч үнэт ачаагаа Томпсонд итгэж өгсөн нь асар том алдаа байлаа. Яагаад гэвэл тэр жинхэнэ дээрэмчин байжээ.

Хөлөг онгоцууд задгай тэнгист гармагц ахмад болон түүний хүмүүс эрдэнэсийн жинхэнэ хамгаалагчдын учрыг олж, Коста-Рикигийн эргээс 500 км зайтай газарт оршдог Номхон далайн экваторын бүсийн Кокос арлыг зорьсон байна. Энэ арал дээр хэмжээлшгүй их эрдэнэс нуусан гэж түүхчид таамагладаг ажээ.

XIX зууны дунд үед Кокос арал дээр эрдэнэс хайхаар 300 гаруй экспедиц очсон байна. Бас 1935-1940 онд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт гурван ч удаа очсон бөгөөд Ерөнхийлөгчийн хамгаалагчид, туслагчид арлын газар сайгүй эрдэнэсийг хайсан боловч олоогүй байна. Кокос арал дээр нуусан байж магадгүй эрдэнэс янз бүрийн тооцоогоор, нийтдээ 12-оос 60 сая доллароор үнэлэгдэх ажээ.

Эртний иргэншлийн үеийн эрдэнэс
1922 онд Британийн археологич Ховард Картер Египетийн Луксор хотын ойролцоох Хаадын хөндийгөөс Тутанхамоны бунханыг олсон билээ. Судлаач Фараоны занданшуулсан шарилын хамт их хэмжээний үнэт эдлэл олсон байна. Үнэт эдлэлийг бүгдийг нь тэмдэглэн бичихийн тулд Картер 10 орчим жил зарцуулжээ.

Энэ олдворыг хосгүй олдвор гэж хэлж болно. Учир нь өмнө нь олдсон Египетийн хаадын бунханы ихэнх нь хоосон байжээ.  Фараонуудын бунханд байх ёстой эрдэнэс хаашаа алга болсон нь одоог хүртэл тодорхойгүй байна. Үүнд хамгийн түрүүнд Египетын оршуулгын газруудыг олон зууны турш ухсан бунханы хулгайчдыг сэжиглэдэг ажээ.

Египетийн гүрний 20, 21 хаанчлалын үед /МЭӨ 425-343он/ Хаадын хөндийн фараонуудын бунханыг дахин хөдөөлүүлэх ёс үйлдэх үед бунханы эрдэнэс алдагдсан гэж зарим судлаачид үздэг байна.

МЭӨ 1091-1084 онд Египетийн фараон байсан Херихора өөрийн эрх мэдлээ ашиглан фараонуудын шарилтай хамт бунханд хийсэн алт эрдэнэсийг хулгайлсан байж болзошгүй гэж таамагладаг. Учир нь тэр засгийн эрхэнд гарангуутаа дахин хөдөөлүүлэх ажлыг удирдаж байжээ. Херихорагийн бунхан өнөөг хүртэл олдоогүй байгаа учраас түүхчид, археологичид алдагдсан эрдэнэс түүний бунханд байгаа гэж таамагладаг байна.

Түүнээс гадна, Монтесумын эрдэнэс хаана байгаа нь тодорхойгүй байна. Хоёрдугаар Монтесум 1953 оноос төв Мексикийн хаан байсан юм. 1520 онд Эрнан Кортес толгойлогчтой Испанийн эзлэн түрэмгийлэгчид Монтесумын байсан Теночтитлан хот руу /Орчин үеийн Мехико хот/ дайран оржээ. Хотыг түйвээн айл бүрийг дээрэмдэн явахдаа тэд ацтекчуудын удирдагчийг олзолсон байна. Гэтэл Монтемус ард түмэндээ эзлэн түрэмгийлэгчдэд дагаар орохыг уриалжээ. Харин үүний хариуд тэд испаничууд болон эзэн хааныхаа эсрэг зэвсэг барин тэмцэхээр шийдсэн байна. Удалгүй зэвсэгт бослого эхэлж, Кортесын арми ацтекчуудын дайралтыг тогтоож чадсангүй. Монтемус тодорхойгүй байдлаар үхсэн бол Кортесын бүх алтыг нь авч, үлдсэн цэргүүдийнх нь хамт хотоос хөөн гаргажээ.

Жилийн дараа Кортес эрдэнэсээ эргүүлэн авахаар Теночтитлан хотыг дахин эзлэхийг оролдсон байна. Гэвч Испанийн арми хотыг эзлэх үед индианчууд эрдэнэсийг Тешкоко нуурын ойролцоо хэдийнэ нуусан байжээ. Энэ алдагдсан үнэт эрдэнэсийг алтны ангуучид таван зууны турш Мехико хотын орчин тойрноос хайж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
۰۹۹خنخننن [31.59.89.xxx] 6 жил
ننتتتتعععاغل