Азербайжан улсаас авлига авсан гэх Европын зөвлөлийн гишүүдийн асуудлаар тус зөвлөл дотооддоо шалгалт хийхээр болсон байна. Тодруулбал, Азербайжан улс 2013 оны тайлангаас хүний эрх зөрчсөн асуудлыг хасуулах, улс төрийн хэрэгтнүүдээ суллуулах зорилгоор Европын зөвлөлийн Парламентын ассамблейнд нөлөөлсөн байж болзошгүй гэнэ.
Авлигын асуудлаарх хэргийг анх Итали улсын Прокурорын газар тус улсын төлөөлөгч Азербайжан улсын талаарх шүүмжлэлийг нуун дарагдуулж, 2.5 сая ам.доллар авсан гэх хэргээр шалгаснаар эхэлж байжээ.
Европын зөвлөлтэй холбоотой авлигын асуудлаар олон улсын гурван мэргэжилтэн-хуульч нар шалгалт хийж, үр дүнгээ 2017 оны сүүлээр зарлах юм байна. Уг асуудалтай холбогдуулан Европын зөвлөл ёс зүйн дүрэмдээ өөрчлөлт оруулахаар болжээ.