НҮБ-аас 2010 онд зургаадугаар сарын 6 буюу Оросын алдарт яруу найрагч, орчин үеийн уран зохиолыг үндэслэгч А.С.Пушкины мэндэлсэн өдрийг олон улсын Орос хэлний өдөр болгон зарласан байдаг.
Энэ өдрийг тохиолдуулан Увс аймагт байгуулагдсан Оросын соёл, шинжлэх ухаан мэдээллийн төвийн дэргэдэх Орос хэлний төвд өчигдөр "Орос орныг хэн сайн мэдэх вэ" тэмцээн зохион байгуулсан байна.
Тэмцээнд 20 гаруй хүн оролцож, дөрвөн багт хуваагдан баг бүр мэндчилгээ дэвшүүлж, Орос орны талаар асуулт хариулт, орос дуу, үлгэр, түргэн хэллэг, зүйр үгс, болон А.С.Пушкины шүлгүүдийг уншиж өрсөлдөж, орос хэлээр мэтгэлцжээ.
Уг арга хэмжээнд оролцсон хүмүүс цаашид Увс аймагт орос хэлний боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, Орос хэлний төвийн дэргэд орос хэл сонирхогчдын холбоо, клуб байгуулах санал гаргаж, фэйсбүүк групп нээж байнгын харилцаа, холбоотой ажиллах талаар санал нэгдсэн байна.