Уулын уруу өнхөрч байгаа бяслагны төлөө уралдагсад

Уулын уруу өнхөрч байгаа бяслагны төлөө уралдагсад


7 жил

Дэлхийн улс орнуудад аюул эрсдэл өндөртэй уламжлал болсон тэмцээнүүд олон бий. Тэгвэл яг ийм тэмцээний нэг болох уулын уруу өнхөрч байгаа бяслагны төлөөх уралдаан Английн баруун өмнөд хэсэгт энэ 7 хоногт зохион байгуулагдаж, ялагчаа тодруулжээ. Уулын уруу хурдлах замдаа оролцогчид өөрсдөө бэртэхээс гадна үзэгчдийг ч мөргөж гэмтээх нь их байдаг учраас энэ тэмцээнийг 2010 онд цуцалж байсан түүхтэй.

Гэсэн хэдий ч түүний дараа жилүүдэд 200 гаруй жилийн өмнөөс улбаатай уламжлал дахин үргэлжилж, уулын уруу бяслагны араас уралдах хүмүүсийн тоо цөөрөхгүй хэвээр байна.

 Их Британи төдийгүй дэлхийн олон орон, бүс нутгаас бяслагны төлөөх уралдаанд оролцох, мөн уралдааныг үзэж сонирхох гэсэн хүмүүс жил бүрийн 5-р сарын хамгийн сүүлийн даваа гарагт Глостершир хотын ойролцоох Күүперийн толгод дунд цуглардаг юм. Уулын уруу 3,6 кг дугуй бяслаг өнхрүүлж, улмаар тэмцээнд оролцогчид 180 метр замд уралдан, бяслагт хэн түрүүлж хүрэхээ үздэг байна.

Аюул эрсдэл ихтэй, мөн хачирхалтай ч гэж хэлж болох энэ уралдаан анх газрыг нийтийн өмч байлгах шаардлагаас улбаалсан, эсвэл ургац их авахыг бэлгэдсэн зан заншлаас үүдэлтэй гэж шинжээчид үздэг.

Жил бүрийн энэ уралдаанд гэмтэж бэртсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх баг, мөн хүнд бэртэгсдийг эмнэлэгт хүргэх түргэн тусламжийн автомашинууд уралдааны талбайд бэлэн ажилладаг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү