Кибер гэмт хэргийг хэн, хэрхэн үйлддэг вэ

Кибер гэмт хэргийг хэн, хэрхэн үйлддэг вэ


7 жил

Кибер гэмт хэрэг үйлдэж кибер аюулгүй байдалд заналхийлдэг этгээдийг судлаачид дараах байдлаар ангилсан байдаг. Энэ удаа дараах асуултад хариулт хайлаа. Үүнд:

-       Ямар хүмүүс кибер гэмт хэрэг үйлдэж байна вэ?

-       Кибер гэмт хэргийг ямар сэдлээр үйлддэг вэ?

-       Гэмт хэрэгтнүүд технологийг хэрхэн ашигладаг вэ?

Кибер гэмт хэрэг үйлдэж кибер аюулгүй байдалд заналхийлдэг этгээдийг судлаачид дараах байдлаар ангилсан байдаг. Үүнд:

-       Тагнуулын алба;

-       Гэмт хэргийн бүлэглэл;

-       Хакер;

-       Хактивистууд;

-       Террористууд;

-       Сэтгэл дундуур үлдэгсэд.

Эдгээр этгээд нь тухайн кибер гэмт хэрэг үйлдэх сэдэл, зорилго нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, тагнуулын алба нь кибер хэрэгслийг мэдээлэл цуглуулах, тагнах ажлынхаа нэг хэсэг болгож ашигладаг. Үүнд мэдээллийн дэд бүтцийг ашиглах, боломжит хэмжээнд саатуулах буюу устгах хамаарна. Харин гэмт хэргийн бүлэглэл нь мөнгөн ашгийн төлөө кибер халдлага үйлддэг. Террористууд мэдээллийн технологи, компьютерын сүлжээ, харилцаа холбоог терроризмын зорилгоор ашиглах буюу онц чухал дэд бүтцийг ашиглах, сүйтгэх, ажиллагаагүй болгох зэргээр үндэсний аюулгүй байдалд халдахыг эрмэлздэг.

Тэгвэл хакер нь заримдаа сэтгэл хөдлөлөөр юмуу хакеруудын дунд өөрийгөө гайхуулах байдлаар сүлжээнд цоорхой үүсгэдэг. Сүлжээнд эхний удаа алсын зайнаас цоорхой гаргахад бодит ур чадвар, компьютерын мэдлэг шаардлагатай бөгөөд одоо хакерууд халдлагын аргачлал, протоколыг интернетээс татаж авч түүнийгээ хохирогч веб сайтын эсрэг ажиллуулдаг. Тиймээс халдлагын хэрэгслүүд улам боловсронгуй, ашиглахад хялбар болж байна.

Хактивистууд нь бүлэг, хувь хүмүүс бөгөөд улс төрийн сэдэлтэйгээр халдлага үйлдэж, и-мэйлийн серверийг хэт ачаалалтай болгож, вэб сайтыг хакердаж улс төрийн агуулгатай зурвас илгээдэг.

Сэтгэл дундуур үлдэгсэд бол бидэнд хамгийн ойр буюу бидний дунд түгээмэл байдаг хүмүүс юм. Сэтгэл дундуур үлдэгсэд тухайн байгууллагад дотор нь ажилладаг хүмүүс байх бөгөөд компьютерын гэмт хэргийг үйлдэх гол эх үүсвэр болдог. Ихэвчлэн сэтгэл дундуур үлдэгсэд хохирогч сүлжээнд саадгүй нэвтрэх зөвшөөрөлтэй байх бөгөөд сүлжээнд хохирол учруулах буюу сүлжээний өгөгдлийг хулгайлах хэмжээний мэдлэгтэй байдаг учраас тэдэнд компьютерын халдлагын тухай нарийн мэдлэг шаардагддаггүй.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэг буюу 226-229 дүгээр зүйлд заасан кибер гэмт хэргийн тухайд түүний субъектыг эрүүгийн эрх зүйн судлаачид 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай Монгол Улсын иргэн, гадаад улсын харьяат иргэн, аль ч улсын харьяалалгүй хүн гэж тодорхойлсон байна.

Монгол Улсад цахим гэмт хэргийг шүүхээс хянан шийдвэрлэсэн тоо цөөн бөгөөд гэмт хэрэгт холбогдож буй этгээдүүд дээд боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй байна., Энэ нь кибер гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл олон нийтэд нээлттэй, хязгаарлалтгүй байгаа бөгөөд тус гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлгийн хяналт сул байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна.   

Кибер гэмт хэрэгт холбогдож, ял сонсож буй этгээдүүд “мэргэжлийн бус” буюу сонирхогч байгаа нь тус гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй бүлэгт зориулсан нөлөөллийн болон мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

Дээр дурдсан гэмт хэргийн хохирогчдын дунд насанд хүрээгүй хүн, хүүхдүүд нэлээд байгаа бөгөөд гэмт хэргийн золиос болж байгаагаа ч мэдээгүй, ямар хохирол амссан болохоо ч таньж мэдээгүй байдал ажиглагдаж байна.

Кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолоос кибер гэмт хэргийн гаралт бага буюу үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан ноцтой асуудал биш гэж өнгөц дүгнэх боломжгүй юм. Энэ нь кибер гэмт хэрэгт хохирсон этгээдүүд энэ талаар мөрдөн шалгах байгууллага, мэдээллийн аюулгүй байдлын байгууллагад мэдэгддэггүй буюу бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор нуун дарагдуулдагтай холбоотой гэж үзэж болох юм.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү