Хүмүүст гурван янзын амьдрал бий...

Хүмүүст гурван янзын амьдрал бий...


8 жил

Зарим хүн доод хүмүүс рүүгээ нэг янзаар, дээд хүмүүс рүүгээ өөр нэг янзаар харьцдаг. Эхнэр, хүүхэд, ах дүү, ажлын хамт олон, үл таних хүн гэх мэт янз бүрийн хүмүүстэй нэг л сэдвээр янз янзаар харилцдаг. Ер нь хүмүүст гурван янзын амьдрал бий. Нэг дэх нь улсын алба, сургууль, найз нөхөд, хамт олон нийгмийн амьдрал. Хоёр дахь нь гэр бүлийн буюу аав ээж, эхнэр, хүүхэд, хамаатан садантай холбоотой. Гурав дахь нь хамгийн чухал, энэ бол чимээгүй, нууцхан, дүнсгэр хувь хүний цорын ганцаараа оршин амьдардаг өөрийн нь дотоод амьдрал юм. Шашны гол амжилт бол энэхүү хүний гурав дахь амьдралтай тулж ажилладгаас шалтгаалдаг.

Бизнесийн аливаа үйл ажиллагаанд харилцаж буй хүнийхээ жинхэнэ мөн чанарыг мэдэх нь туйлын чухал юм. Тантай харьцаж буй хүн бүр эсрэг байсан ч хамаагүй тэрхүү дотоод гол санааг нь л олж мэдрэхийг хичээх хэрэгтэй. Аль ч бизес ажил хэрэгч хүмүүсийн хоорондын харилцаан дээр л шийдэгддэг. Хэдий хурдан, үнээн зөвөөр эсрэг хүнээ олж харна, төдий чинээгээр бизнес тань үр ашигтай, өгөөжтэй байх болно.

Ихэнх хүмүүс хэн нэгэнтэй уулзаж ажил хэрэг ярихаасаа өмнө тухайн хүнийхээ талаар ихэвчлэн дам сонсож, эсвэл шууд уншчихсан байдаг бөгөөд үүн дээрээ үндэслэн цаад хүнийхээ тухай ямар нэг үнэлэлт дүгнэлт өгч, байр сууриа тодорхойлоод сууж байдаг. Та хэнтэй ч уулзахдаа энэ чухам хэн бэ, ямархуу хүн бэ гэдэгтэй нь л уулз. Харин ам дамжсан цуу яриатай учирч огт болохгүй. Муугаар сонсогдоод байсан хүн чинь чиний насан туршийн бизнес түнш байж магадгүй. Сайнаар сонсогдоод байсан хүн харин таныг хоосруулах луйварчин ч байж болно. Тийм учраас аливаа хүнтэй үнэн бодит байгаагаар нь л уулз.

Та өөрийгөө илүү томоор, илүү хүчтэйгээр, илүү итгэл даах чадвартайгаар бусдад харагдаж, сонсогдож явахыг хичээ. Ингэвэл таныг хүмүүс өөр нүдээр харж, өөр байдлаар угтан бусадтай хэл яриагаа ололцоход илүү хялбар болж эхэлнэ. Анхааруулж хэлэхэд бизнесийн амьдралд гэрээ хэлцэл, эцсийн шийд гаргахаасаа өмнө аль ч талдаа асуудлын 50-70 хувь нь шийдэгдчихсэн байдаг. Энэ бүхэн нь тухайн хүмүүс таны талаар сонссон, олсон мэдээллүүд дээрээс үндэслэсэн гэдгийг санаж явууштай.

Яг энэхүү сэдэв дээр таны хувьд хоёр байр суурь байгаа. Хүмүүсийг та яаж харах вэ, хүмүүст яаж харагдах вэ гэсэн. Та хүмүүсийг харахдаа маш тунгалаг, илүү дутуу өнгөгүй, үнэн бодит линзээр харах нь чухал. Харин нөгөө хүний линзэнд аль болохоор та алтан шаргал өнгөр суулгах, солонгын гэрэлтсэн өнгөтэй линзээр харагдуулахыг хичээ. Ийм өнгүүдийг тэр хүн таны тухай сонссон, уншсан байдлаараа хүлээж авах болно.

Хүн таних урлагийн тулгын чулууны нэг нь ажиглалт юм. Өнөөдөр ихэнх бизнес хэлцэлд оролцогчид бие биенийхээ харцнаас дөлсхийсэн, ярилцлага нь маш өнгөцхөн болж өнгөрдгийг нуух юун. Энэ нь дараачийн өдрүүдэд өрнөх хэрүүл, үл ойлголцол, хулхидалт, итгэл алдрахын суурь болдог.

Та харцаа мөргөлдүүл, мөнгөө яс тоол, чанараа шалга, хугацаагаа товло, муу сайнаа бүгдийг ярьж тохиролц. Буцах эзэнтэй, буух мөртэй байх хэрэгтэй. Ингэснээр бие биенээ хуурах явдал үгүй болнош. Өөрөөр хэлбэл муу зүйл хийх боломжийг хэн хэндээ өгөхгүй.

Та үнэн зөв ажиглалт хийснээрээ тухайн орчиндоо тодорхой зураглалтай болно, бодитой шийдвэр гаргана. Энэ л таны үндсэн ажил. Ямар ч том нэр хүндтэй хүн байлаа гэсэн хүмүүсийг ажиглах чадваргүй л бол тэр хүн компаниа ашигтай ажиллуулж чадахгүй. Гагцхүү ажигч гярхай чанар л тэднийг амжилт руу нь хөтөлнө.

Та харилцаж буй хүнээ хэр сайн таньж мэдэх тусам түүний ямар нөхцөлд яаж ажилладаг зэрэг бүхий л байдлыг нь үнэлж чадах бөгөөд тухайн хүнээ бүрэн чадвараар нь ашиглах өргөн боломж нээгдэнэ. Энэ бол шургуу зүтгэл, ажиглалтаар олж авдаг урлаг юм. Yнэлж баршгүй энэ урлагийг эзэмшсэнээр та ажил хэрэг, аз хийморийг олж авч чадах бөгөөд далдыг мэдэгч ид шидтэн лугаа адил болно.

Ер нь тэр мэргэ төлөгч, шидтэнгүүд гэдэг чинь бидний яриад байгаа бусдыг судалсан хүмүүсийг хэлнэ. Тэд маш сайн ажиглагчид байдаг. Тэд эхлээд орж ирж байгаа үйлчүүлэгчийнхээ ерөнхий төрхийг ажиглана. Хувцасласан байдал, биеэ авч явж буй төрх, мэндэлж байгааг нь, ааш занг нь ч хэзээний тодорхойлчихдог. Тэгсний дараа энгийн санамсаргүй гэмээр хэдэн асуулт асууж, хариултуудыг нь бас л гярхай ажигладаг.

Энэ бүх мэдээлэл ажиглалтууд дээрээ тулгуурлаад үйлчлүүлэгчийнхээ чухам юуг сонсохыг хүсч байгаатай нь уялдуулан “Алсын ирээдүй”-г нь харж хэлж өгдөг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү