Ахмад нохой дасгалжуулагч, цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүй: Руслан маань олон ноцтой хэргүүдийг халуун мөрөөр нь илрүүлсэн
Монголын цагдаагийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан "Руслан" нэртэй орос нохойгоо одоо ч хүртэл дурсаж явдгаа бидэнд хоолой зангируулан ярих Ахмад нохой дасгалжуулагч, цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүй гуай маань мөр зэрэгцэн ажилладаг байсан мөрдэс нэгтэй нөхдөөсөө дутуугүй санаж явдгаа нуусангүй.
1974 оны гуравдугаар сараас тус хотын Эрэлч нохойн албаны төвд монгол 10-н сонсогч, монгол 10-н нохойг сурган хичээллээд төгсөх үед нь Руслан ганцаараа ерөнхий болон мэргэжлийн дасгалаа онц сайн дүнтэй төгссөн тул НАХЯ-ны боловсон хүчний газрын даргын тушаалаар цэл залуухан 23 настай дасгалжуулагч, сонсогч Г.Нэргүйг офицерийн бүрэлдэхүүнд оруулан цагдаагийн бага дэслэгч цолоор шагнан, бусад дасгалжуулагч нар нь ахлагч цолтой төгсөж байсан түүхтэй ажээ.
Ингээд тухайн үед олон хэрэг гардаг байсан, хүн ам олноор суурьшсан Дархан хотод Русланыг томилон ажиллуулахаар шийдвэрлэж, 1974 оны арваннэгдүгээр сараас Дархан хотын НАХ газрын цагдан сэргийлэх ангийн эрүүгийн албанд хуваарилж, Руслан нь энэ албандаа 10 жил ажиллаад "тэтгэвэртээ" гарсан байна.
РУСЛАН ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН БЭ?
Эрэлч албаны нохой Руслан нь ОХУ-ын нохойн албаны төв сургуульд дасгалжуулагч, Г.Нэргүйн хамт суралцаж байхдаа Чех, Орос, Куба, Вьетнам, Болгар зэрэг орны сонсогчдын сургаж байсан 120 гаруй албаны нохойны дундаас ерөнхий болон мэргэжлийн дасгалаараа сургууль дээр зохиогддог тэмцээн уралдаанд байнга тэргүүн байрт шалгарч байснаас гадна Волгоград, Нальчик, Сочи, Ростов зэрэг хотуудад ОХУ-ын нохой сонирхогчдын уралдаан тэмцээнд таван удаа оролцож, тэргүүн байрт удаа дараа шалгарч, мэргэжлийн дасгалаараа гурван удаа алтан медаль хүртэж байсан гээд олон гавьяа шагнал хүртэж байжээ.
РУСЛАН ЯМАР ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН БЭ?
Руслан 10 жил эрүүгийн албанд ажиллахдаа тэр үеийн худалдаа бэлтгэлийн газрын манаачийг трубагаар цохиж, 29.0 төгрөгийг нь дээрэмдэн, амийг нь бүрэлгэсэн гэмт этгээдүүд, Дархан хотын ОСБАО байгууллагад складанд хулгай орж их хэмжээний хүнсний бараа хулгайлсан хэрэг, 30 гаруй удаагийн үйлдлээр их хэмжээний эд зүйл хулгайлсан этгээдүүд гээд онц ноцтой 130 гаруй хэргийг илрүүлсэн тухай ахмад нохой дасгалжуулагч бахархан ярьж байлаа. Хааяа гэртээ дагуулаад очиход миний эвхээд тавьсан хувцсанд хүртэл хүн ойртуулдаггүй, надтай амь нэг болчихсон амьтан байсан даа гэж санаа алдан ярьж байлаа. Тэр байтугай тухайн үеийн онц ноцтой гэмт хэрэг үйлдээд зугтаасан оргодлын хутганд өртөж хоёр удаа шархдаж, оёо тавиулж байсан ч хэрэг илрүүлэх үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тухай түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ.
Руслан бол цагдаагийн байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж хүнээс дутуугүй халуун амиа зориулж ирсэн эрэлхэг амьтдын нэг. Ахмад дасгалжуулагч, цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүй гуай одоо ч хүртэл нохойгоо алдаршуулан, орчин цагийн эрэлч нохойн албаны хөгжилд хувь нэмрээ оруулан, РУСЛАН-ы хөшөөг босгох шийдвэр гаргасанд баяртай байгаагаа бидэнд ярьсан юм.