Байлдагчаас ижийдээ бичсэн захидал

Байлдагчаас ижийдээ бичсэн захидал


8 жил

Зэвсэгт хүчний "Соёмбо" сонины "Захидал бичээрэй" буланд маань офицер, ахлагч, ажилтан алба хаагчдаас эхлээд байлдагч нар аав ээждээ, анд найз нөхөддөө, он жавууддаа, удирдлагадаа талархлын захидал ирүүлсээр байдаг юм. Тэдний нэг төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн нэгэн байлдагчийн захидлыг танд хүргэж байна.


ХАЙРТ ЭЭЖДЭЭ

Амар сайн байна уу, ээжээ. Танд энэхүү захиа хүрэх өдрийн мэндийг дэвшүүлье. Гэрийнхэн бүгд сайн биз дээ. Хөөрхөн дүүгээ их санаж байна. Энэ жил сургуулиа төгсөх учраас хичээл номондоо сайн шамдаад, аав, ээждээ туслаад байж байгаа гэдэгт ах нь эргэлзэхгүй байна. Миний дүү чадна аа.

Хүү нь Монгол орныхоо өмнөд хязгаар болсон Өмнөговь аймгийн 167 дугаар ангид албаа хаагаад 7 сарыг ардаа гээжээ. Тийм ч ухаалаг байгаагүй хүү нь цэргийн алба хаах сонголт хийсэн нь үлдсэн амьдралдаа хийсэн томоохон хөрөнгө оруулалт болсон гэдгийг ойлгосон. Хэдийгээр би олон сургууль дамжиж, олон зүйлийг мэдэж сурсан гэж өөрийгөө боддог байсан ч цэргийн албанд ирээд магадгүй амьдралын талаар тийм ч ихийг мэддэггүйгээ, ирээдүйн өрх гэр толгойлох, айлын эцэг болох ямар ч бэлтгэлгүй байснаа ухаарлаа.

Ээжээ, хүү нь бие бялдар болон зан төлөвшлийн хувьд өөрчлөгдөж байна. Хүнээс үг сонсож, үйл хөдлөлөө хянаж сурч байна. Сонирхуулахад энд бүх зүйл өндөр ёс суртахуун, дэг журам, сахилгын дор явагддаг. Бид өглөө эртлэн босоод гүйлт, гимнастикаа болон шинжлэх ухааны үндэслэлтэй бие организмыг төгөлдөржүүлэх дасгалуудыг хийдэг. Үүнээс хойш бүх зүйл цагийн хуваарьтай. Энэ нь надад цагийг баримтлах, магадгүй цаг хугацааг дэмий үрэхгүй байхад тусалдаг. Танк гэдэг зүйлийг урьд өмнө нь байлдаантай киноноос л харж байсан хүү чинь одоо өөрөө танкчин болчихоод дотроос нь гадаад орчинг тольдон явдаг болсон гээд боддоо. Үнэхээр бахархмаар, бусдад гайхуулмаар хэрэг шүү. Мөн эндээс киноноос л харж байсан, Монгол орны тусгаар тогтнолын тэмцлийн хөшүүрэг болсон олон зүйлийг харж болно.

Би өглөө бүр гүйж явахдаа байгалийн үзэсгэлэнг бишрэн хардаг. Ямар сайхан оронд төрснөө өөрийн эрхгүй мэдэрдэг. Нээрээ ээжээ, энд нар ямар сайхан жаргадаг гээч. Тандаа харуулахыг хүсдэг. Ийм сайхан орныхоо төлөө зүтгэж яваагаа санахаар хүнд хэцүү зовлонгоо мартдаг. Удахгүй баяртай уулзъя.
Улаанбаатар хотод суугаа ээждээ.

Хүндэтгэсэн: Хүү Очиржанцанаас нь
Эх сурвалж: Зэвсэгт хүчний "Соёмбо" сонин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү