Өмнөговь аймгийн удирдлагууд салбар бүрийн иргэдийг “Өглөөний цай”-нд урьж тэдний санал бодлыг сонсож ажил хэрэгтээ тусгаж байна. Тэд ЕБС-ийн сурагчидтай уулзаж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна.
Хүүхдүүд сурч боловсрох орчин нөхцөлийг илүү тохижуулж сайжруулах, Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудаас гадна чадварлаг сурагчдыг хамруулах, ЭЕШ-ын амжилтыг дээшлүүлэх дадлага сургалтыг хийх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйг сайжруулах, зарим сургуульд авто машины зогсоол бий болгох, хөл бөмбөгийн талбайтай болох, урлаг спортоор хичээллэдэг хүүхдийг дэмжих, сургуулийн цайны газрын эрүүл ахуй, чанар муугаас үүдэн хүүхдүүдийн гэдэс дотор их өвчилдөг, ээж аав нь хөдөө байдаг өрх толгойлсон хүүхдүүдийг сурч боловсроход өөрийгөө хөгжүүлэхэд нь онцгой анхаарах шаардлагатай байгааг хэлжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар сурагчдын дэвшүүлсэн санал бодлыг сонсож холбогдох дарга, мэргэжилтнүүдэд үүрэг даалгаврыг өгөхийн зэрэгцээ хүүхдүүдээс гарсан саналын дагуу “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсныг дуулгажээ. Ингэснээр сурагч хүүхдэд тулгамдаж буй асуудлыг ойлгох, түүнийг шийдвэрлэх олон боломж нөхцөл бий болно. Түүнчлэн хүүхэд рүү чиглэсэн “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, “Англи хэлтэй Өмнөговь”, “Оюуны хурд” зэрэг дэд хөтөлбөрийн хүрээнд “Төлчин хүүхэд”, “Хөдөлмөр зуслан” арга хэмжээг зохион байгуулж хүүхдүүдээ сонсож хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.