Завхан "Архигүй аймаг" болох зорилт дэвшүүлжээ

Завхан "Архигүй аймаг" болох зорилт дэвшүүлжээ


8 жил

Завхан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архигүй-хамт олон” аян өрнүүлэхээр тусгаж, энэ хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, хорт зуршлаас татгалзах, манлайллыг дээшлүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхийн төлөө төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилчид ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, аливаа баяр ёслолын үеэр оргилуун дарс, архи согтууруулах ундаагаар биш, цагаан сүү, айраг өгч хүндэтгэл үзүүлж төсвийн болон бусад зардлыг хэмнэх зорилгоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас “Сүү өргөж хүндэтгэл үзүүлэх” уриалгыг гаргажээ.

Аймгийн Засаг даргын “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 тоот албан даалгавар гарсан байна. Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн идэвх санаачилгатай оролцож Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Архинд донтох эмгэг, түүний нийгэмд болон бие эрхтэнд үзүүлэх хор уршиг” сэдэвт сургалт, сэтгэл зүйн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ зохион байгуулсан билээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хүн амд архидалт, түүний хор уршгийн талаар таниулах, "Миннесота" хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэх, мэргэжлийн байгууллагатай холбоо харилцаа тогтоох, төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилготой юм.



Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчүүд санаачлан эрчүүдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах, хорт зуршлаас ангид байлгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд томоохон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах зорилгоор “Завхан хийморь” эрчүүдийн холбоог байгуулсан байна. Холбооныхоо байранд билльярд, ширээний теннис, шатар, даам, дардас, хасаа харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэхээр тохижуулжээ. Харин ойрын хугацаанд гадна биеийн тамирын талбай болон чийрэгжүүлэлтийн танхимыг нээхээр төлөвлөсөн байна.  “Завхан хийморь” эрчүүдийн холбоо архидан согтуурахтай тэмцэх энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад түүчээлэн оролцжээ.

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг “Сэтгэл гоо заслын танхим”-ыг өөрсдийн хүч, нөөц бололцоондоо тулгуурлан нээсэн байна. Богд Очиваань Отгонтэнгэр хайрханыхаа үзэсгэлэн хийгээд говь, хангай хосолсон байгалийн сайхныг тольдож, усны хоржигнох чимээг сонсон, ил галын дэргэд бие сэтгэлийн амар амгалан байдлыг мэдэрч болохоор тохижуулжээ. Энэ танхимд хүссэн хүн бүр ирж үйлчлүүлэх боломжтой гэдгийг хэлж байлаа.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан уриалга болон аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгаврын хүрээнд ийнхүү аж ахуйн нэгж байгууллагууд “Архигүй хамт олон” болох зорилт дэвшүүлж, тодорхой үр дүнтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү