Дорнод аймаг 2016 онд аймгийн хэмжээнд 9 сумын нутагт үр тарианы 20 аж ахуйн нэгж 42.2 мянган га-д тариалалт хийсэн байна. Үүнээс 22.2 мянган га-д улаан буудай, 4.2 мянган га-д тосны ургамал, 3.8 мянган га-д гурвалжин будаа, 4 мянган га-д эмийн ургамал, 7.4 мянган га-д малын тэжээл тариалсан.
Уринш боловсруулалтыг 6 сумын 12 аж ахуйн нэгж 21.8 мянган га-д хийж үүний 63.5 хувь химийн уринш эзэлж байна. 2017 оны хаврын тариалалтад 1320 тн үрийн нөөцийг бүрдүүлж, 12 аж ахуйн нэгж ирэх онд үрийн шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Урьдчилсан байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 10 сумын нутагт тариалангийн 20 аж ахуйн нэгжийн 22 тариа бригад 43.9 мянган га-д тариалалт хийх төлөвлөгөөтэй байна. Үүний 61.2 хувь буюу 26.9 мянган га уриншид, 38.7 хувийг гуурс болон хаврын хагалгаанд тарих юм. Хаврын тариалалт анхны үрэлгээг өндөр уулсын бүс Баян-Уул сумаас эхлүүлж байна.