Өнөөдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөн”-ий үйл ажиллагаа эхэллээ. Эрчим хүчний салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалт зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүчний зохицуулах хорооны санаачилгаар Дорнод аймагт зохион байгуулж буй эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, байгууллагуудын Зүүн бүсийн уулзалт-зөвлөлгөөнд хүрэлцэн ирж оролцож буй бүтээн байгуулагч, баялаг бүтээгч Та бүхэнд ЭХЗХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх Хорооны үндсэн зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй олон талын арга хэмжээний нэг нь бидний өнөөдрийн уулзалт-зөвлөлгөөн юм. Энэхүү уулзалт-зөвлөлгөөнийг хамтран зохион байгуулж буй, Монгол Улсын зүүн бүс нутгийн эрчим хүчний хангамжийн тулгуур болсон “ДБЭХС” ТӨХК-ийн хамт олон Та бүхэн ч эрчим хүчний талаарх төр засгийн болон зохицуулалтын бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд 2016 онд идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
“Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөнд Эрчим хүчний яамны удирдлагууд болон Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав, Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал тэргүүтэй албан тушаалтнууд, нийт 25 байгууллагын 140 гаруй төлөөлөгч оролцож байна.
Уулзалт зөвлөлгөөний үеэр “Эрчим хүчний хөгжлийн чиг хандлага”, “ Орчин үеийн менежментийн хөгжлийн чиг хандлага”, “Техник технологийн үйл ажиллагааг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх тухай”, “ Байгууллагын бизнес төлөвлөгөө, санхүүгийн нөөцийн менежмент”, “ Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд”, “Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн байдал, үнэ тарифын зохицуулалт, үр ашгийг дээшлүүлэх тухай”, “Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх тухай”, “Эрчим хүч хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг сайжруулах тухай”, “Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын тухай”, “Эрчим хүчний зах зээлийн хөгжил, өрсөлдөөний асуудал”зэрэг сэдвээр илтгэл тавьж, сургалт зохион байгуулна.
Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын уулзалт-зөвлөлгөөнийг бүсчлэн зохион байгуулж байгаа байгаа бөгөөд салбарын хэмжээнд чадварлаг ажиллагсадтай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, өндөр бүтээмжтэй, санхүүгийн хувьд үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий хэрэглэгчээ дээдэлсэн байгууллага, салбар болох зорилт дэвшүүлээд байгаа юм.
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөнд Эрчим хүчний сайд П.Ганхүү оролцох юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг бид удахгүй хүргэх болно.
Б.Цоож