Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвх сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжүүдээр илэрдэг.
Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.
Өөртөө анхаарал тавих
Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн тохиолдолд эмчилгээг үр дүнтэй хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй.Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.
Сэтгэл гутралаас сэргийлэх боломж
· Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших
· Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх
· Булчин сулруулах дасгал хийх
· Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх
· Стресс тайлах ур чадварт суралцах
· Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх
· Согтууруулах ундаанаас татгалзах
· Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах
· Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах