Хооллоход учир бий...

Хооллоход учир бий...


8 жил
Эрхэм Та гадаад дотоодод галуу шувууны мах зооглож, гадна дотныхонтой ажил хэргийг аятайхан газар өрнүүлдэг л биз дээ. Тэр бүрт чинь танихгүй соёл,  толгой эргэм хутга сэрээнүүд хямраадаг л байлгүй. Тэр олон хутга сэрээ, хоол ундны учрыг олоход тань бага ч болов тус болюу гээд энэхүү зөвлөмжийг бэлдлээ. Уншаад нэг үзээрэй.
 
Та албан ёсны арга хэмжээ, гадаад дотоодын зочид оролцсон хүлээн авалт дээр өөртөө итгэлгүй, эвгүй байдалд орж байсан тохиолдол бий юү? Эдгээр энгийн зөвлөгөө танд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.
 
-Гадуур хооллох үед хоолонд урьсан хүн эрэгтэй, эмэгтэйгээс үл хамааран төлбөрийг хийнэ. Тэгэхээр болж өгвөл уригдаад болохгүй бол үнэ ханш нь боломжийн, өнгө төрх нь давгүй газрыг сонгох хэрэгтэй. Одоохондоо манайхан Мажияна, Калифорния, Романс, Алтан Буга, Модерн номадс зэргийг рестораныг сонгох нь элбэг байгаа. 
 
-Оройн зоог зохион байгуулж байгаа эзэн нь хамгийн сүүлд хоолоо авах бөгөөд олон хүнтэй, амархан хөрөх хоолны хувьд, зочдоо халуун дээр нь хоолоо идэхийг уриалах нь зүйтэй. Тэгэхгүй бол зочид чинь ч та ч хүйтэн хоол зооглож, цэрийх, эвгүйрч, мушгирах аюулд орж мэднэ. 
 
-Таны хоолыг зүүн талаас өгч, хоосон тавгийг баруун талаас нь хураана. Ус, ундааг харин баруун талаас нь дүүргэх болно. Цангасан адуу шиг учир зүггүй гүзээлээд байж болохгүй шүү. Араа бодсон нь дээр.
 
-Мain entree буюу 2-р хоол байхгүй тохиолдолд эсвэл 2-р хоолны тавганд хачир болгон салат хийсэн тохиолдолд салатыг хоолны сэрээгээр, бусад тохиолдолд салатны сэрээгээр иднэ. Ер нь бол өрөөд тавьсан сэрээнээс гадна талд тавигдсанаас нь эхлээд хэрэглээд байх нь зөв гэдэг юм билээ.
 
-Талхыг жижиг хэсэг болгож гараараа хуваан, зөвхөн идэх хэсэгтээ масло түрхэх нь зүйтэй. Харваас ховдог царайлаад бүтэн бүтнээр нь масло нялж, том томоор хазлаад байвал урьсан уригдсан зочид чинь таныг сайнаар л лав бодохгүй шүү.
 
-Хэрэв шинэ ногооны салатны байцаа далбагар том байвал хутгаараа жижиглэж болно. Томоор нь сэрээдээд зүтгүүлвэл хамар амандаа наахаас эхлээд асуудал их гарна.
 
-Стейк зэрэг махан хоолыг зөвхөн идэх нэг үмхэх хэмжээгээр жижиглэн, зүсч, хутгаа тавилгүй зүүн гар дахь сэрээгээрээ иднэ. 
 
-Зажилж байгаа хоолоо залгиагүй байхдаа юм уух нь зохимжгүй. Ам дүүрэн хоол чихчихээд л араас нь ус цай уух эсвэл юм ярих нь гахайнаас нэг их ялгахгүй харагддаг гэсэн. Дээр бохь зажилж байгаа юм шиг чалир чалир хийн дуугаргаж зажлах, гүд хийтэл залгих нь бүр ч эвгүй байдалд оруулна гэнэ. 
 
-Ширээ тойруулан салат, талх зэргийг дамжуулах шаардлагатай бол баруун талынхаа хүнд өгнө.
 
-Бүсгүйчүүд уруулын будгаа сэргээх шаардлагатай бол хүлцэл өчин, түр гарч, хүнгүй газарт уруулаа будвал зохино. Манайхан бол түмэн олны дунд орж суучихаад уруулаа будах бол энүүхэнд. Бүр нүүрэндээ make up хийчих шахдаг ш дээ. Энэ бол таны зиндааг хаана явааг хэлээд өгнө гэж мэдээрэй. 
 
-Оройн зоогны амны дөрвөлжин алчуурыг нээлтийн ажиллагаа хийгдсэний дараа дундуур нь нэг нугалан өвдөг дээрээ тавина. Харин босч 00-дох, агаар салхи амьсгалах зэрэгтээ өнөөх алчуураа өвөр дээрээсээ авахаа мартав. Тэгэхгүй бол унагаж гишгээд хөгөө чирэх энүүхэнд. 
 
-Хоолны дундуур түр гарах шаардлагатай бол амны алчуураа сандалны түшлэг дээр орхино. Харин хоолны төгсгөлд алчуураа тавагны зүүн талд эсвэл тавгийг хураасан байвал төвд нь хуучин хэвэнд оруулж нугалалгүй байрлуулна. 
 
-Албан ёсны оройн зоог дууссаны дараа хутга, сэрээгээ зэрэгцүүлэн 10 цагаас 4 цагийн байрлалд хутганы ирийг дотогш харуулан байрлуулаарай. За тэгээд мэддэг чаддаг хүн ойролцоо байвал будаа идээд гүйцэтгээд байхад ерөнхийдөө болох л юм билээ. Юу ч гэсэн энэ хэдэн санамжийг тогтоогоод аваарай манайхаан.
Эцэст нь сайхан хооллоорой.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү