Анхны хүүхдээ хүлээж байгаа эхнэр, нөхөр хоёрт бүх л зүйл шинэ, анхны байх бөгөөд мэдэхгүй, чадахгүй юм ч их тааралдана. Энэ тохиолдол хэн хэнийгээ буруутгаж маргалдахаас зайлсхийж, эмч, сувилагч туршлагатай хүмүүст хандахын сацуу гарын авлага уншиж судлах нь зайлшгүй хэрэгтэй.
Эцгийн үүрэг чухал
Хүүхэд олно гэдэг байгалийн хишиг юм. Гэтэл зарим эрчүүд эхнэрээ жир болмогц гэртээ ховор үзэгдэх нь бий. “Би ч одоо юугаар туслах вэ дээ?” гэж бодон гэрийн ажлаас зайлсхийдэг. Ийм байдал даамжирвал жирэмсэн эхнэрийн сэтгэлзүйд хүчтэй хямрал өгч болзошгүй тул хөндий хүйтэн дүр төрх гаргаж хэрхэвч болохгүй.
Эцгийн үүрэг хариуцлага нь хүүхэд төрснөөс хойш биш хүүхэд олсон өдрөөс эхэлдэг. Хамгийн чухал зүйл бол эхнэрийнхээ хэрэгцээг олж харж чаддаг, халамж хайраар дутаахгүй байх, илэн далангүй ярилцах нь зүйтэй. Эцэг хүний үүрэг их өргөн хүрээтэйг санаарай.
Хүүхэд төрүүлэх нь жам ёсных
Ингэж боддоггүйгээс залуу эхчүүд айдас, түгшүүр санаа зовнилд автах нь бий. Энэ нь стресс болон хувирч урагт ч муугаар нөлөөлдөг. Ер нь ихэнх залуу гэр бүл сүүлийн саруудад иймэрхүү санаа зовнилд автах нь бий. Хүүхдээ ямар нэг эмгэгтэй төрчих вий, би ямаршуухан эх болох бол, төрөхдөө их өвдөх болов уу, би аймаар чанга орилох болов уу, намайг дүлэхэд өтгөн шингэн гарчихвал яанаа, би ухаанаа алдаад эвгүй байдал гаргачих вий, хүсээгүй зүйлээ л битгий хийгээсээ гэх мэтчилэн санаа зовнил, түгшүүр бүх эхчүүдэд адилхан төрдөг. Ийм бодол, айдас нь ямар ч ач тусгүй бөгөөд төрөлт нь хэвийн, жам ёсны зүйл гэж бодон элдэв эргэлзээг авч хаях нь зүйтэй. Та энэ үед гэдсэн дэх хүүхэдтэйгээ ярилцаж, илж таалвал тайвшрах болно.
Сексийн харьцаа
Энэ үеийн бэлгийн харьцаа бусад үеийнхээс илүүтэй сайхан байх ч бий. Учир нь жирэмсний бартийн даавруудын нөлөөгөөр хүлээн авах мэдрэмж сайжирч, бэлгийн хүсэл амархан төрдөг. Биеийн зарим хэсгээр хөх, бэлэг эрхтэн зэрэг нь их эмзэг болно. Харин сүүлийн саруудад бага зэргийн ядрал, хэвлийн томролтоос болж бэлгийн сонирхол буурах тал ажиглагдана. Жирэмсэн үеийн бэлгийн харьцаа нь умайн агшилтыг сайжруулж, аарцгийн хөндийн булчингийн хөгжилд сайн нөлөөтэй юм.