Хүүхэд хүмүүжүүлэхэд гаргадаг таны түгээмэл алдаанууд


7 жил

Хүүхэд муухай аашлаад ирэхлээр хамгийн тэвчээртэй эцэг, эх ч барьц алдах нь бий. Хүүхэд бүр орилоод уйлаад ирвэл яах вэ? Ийм тохиолдолд хүүхдээ тайтгаруулахдаа залуу ээж нар алдаа гаргадаг гэж мэргэжилтнүүд ярьж байна. Ядарлаа, анхаарал халамж хэрэгтэй байна гэж хүүхэд эцэг, эхдээ ойлгуулах гэж уйлдаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ хамгийн ойр байдаг боловч хүүхдийнхээ юу хүсч илэрхийлээд байгаа дохиог ойлгодоггүй. Хүүхэд бүр зан байдлын өөрийн гэсэн онцлогтой байдаг гэж “Хүмүүжлийн олдворын том ном”-ын зохиогч шинжлэх ухааны доктор Мишель Борб ярьжээ. Идэхийг хүсч буйгаа, ядарснаа, уйдсанаа хүүхдүүд адилхан илэрхийлдэг. Насанд хүрэгсэд тэр болгоныг зөв ойлгож, хүмүүжүүлэх үйл явцдаа тодорхой өөрчлөлтүүд оруулах ёстой. Хүүхдүүдийн илэрхийлж байгаа дохио зангааг үл ойшоох нь том алдаа боловч хүүхэд яагаад тодорхой нөхцөлд тодорхой хэлбэрээр аашилж байгааг ойлговол бүхнийг засч залруулж болно. Хүүхдийн хүмүүжлийн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд хамгийн түгээмэл алдаануудын жагсаалтыг гаргаж, тэдгээрээс зайлсхийх талаар зөвлөгөө өгчээ.

1. Байнга няцаах “Эгчийгээ битгий зод!”, “Нохойн сүүлээс битгий чангаа!” гээд байж болох бүх “битгий”-г дараалуулан жагсааж болно. “Эцэг, эхчүүд “битгий” гэж байнга хэлдэг учраас хүүхэд энэ үгийг сонссон ч сонсоогүй юм шиг байж, нэг үгээр хэлбэл энэ үг ямар ч хүчгүй болдог” гэж Борб тайлбарлажээ. “Бүгд хүүхдийн тухай” номын зохиогч Линда Соннагийн хэлснээр, “Бид хүүхдэдээ хийх ёсгүй зүйлсийн тухай байнга ярьдаг хэрнээ биеэ хэрхэн авч явах ёстой талаар тэдэнд хэлж өгдөггүй” . “Битгий” гэдэг үгийг үнэхээрийн аюултай нөхцөлд, жишээ нь, хүүхэд цахилгааны залгуур эсвэл хутга оролдоод байвал л хэлэх хэрэгтэй. Өөр тохиолдолд яагаад болохгүй гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Жишээ нь, “Онгоцон дээр битгий зогс!” гэхийн оронд “усанд ордог онгоц гөлгөр, хальтрамтгай учир түүн дээр зогсвол унаж мэднэ, харин түүн дээр сууж болно” гэж хэлэх хэрэгтэй. Хүүхэд биеэ зөв авч авбал хэзээд тийм байлгахын тулд сайшаан магтахаа мартав.

2. Бодсоноос хэцүү байх Үүнээс ангижрах их хэцүү, гэхдээ ямар эцэг, эх хүүхдээ хамгийн, хамгийн гэж чичлүүлж байхыг хүсэх билээ. Тэр тусмаа сахилга батын талаар. Тиймээс хүүхэд театрт очоод жүжиг ид дундаа орж байтал гэнэт тонгочоод ирэхэд бид түүнийг яахад ч бэлэн байдаг. “Эцэг, эхчүүд хүүхдүүдээ байгаагаасаа илүүг мэддэг гэж үздэг. Гэвч хүүхдүүд нийгэмд биеэ яаж авч явахыг болон олон нийтийн газар биеэ авч явах дүрэм журмыг сайн мэддэггүй” гэж Сонна ярьж байна. Хэрвээ таны хүүхэд тэвчихийн аргагүй байвал, хүүхэд санаатайгаар бус, харин мэдэхгүйгээсээ тийм байдал гаргаж байгааг санах хэрэгтэй. Яавал дээр вэ гэдгийг сайн тайлбарлаж хэлж өг. Жишээ нь, “Жүжгийн дундуур би аавд нь юм хэлэх хэрэгтэй болбол би түүн рүү бөхийж, чихэнд нь шивнэнэ. Театрт бусдад саад болохгүйн тулд чимээгүй байх хэрэгтэй”. Хүмүүсийн дунд хүүхдээ биеэ зөв авч явдаг болгохын тулд цаг хугацаа шаардлагатай, бас биеэ хэрхэн зөв авч явбал зохихыг нэг бус удаа давтаж хэлэхэд та бэлэн байх ёстой.

3. Муу үлгэр дуурайл Ямар нэг юм болохгүй болохоор бид хашгичдаг. Зам дээр хаалт тэмдэг тавьчихсан байвал бид дуу алддаг. Түүн шиг та хүүхэд рүүгээ хашгирдаг уу? “Хэрвээ та дуугаа өндөрсгөх дуртай бол таны хүүхэд оргилоо байхад гайхах юм үгүй. 24 цагийн турш үлгэр жишээч байх хэцүү, гэхдээ та эвгүй зан авир гаргасан даруйдаа уучлалт гуйх ёстой. Сэтгэл хөдлөлийг насанд хүрсэн хүн ч барьж, хянаж байх хэцүү, харин “уучлаарай” гэдэг үг та хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж чаддагийг харуулна” гэж “Ээжийн гэм” номын нэг зохиогч Девра Реннер хэлжээ. “Уучлаарай” гэж хэлсний дараа та яагаад биеэ барьж чадаагүйгээ тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь, хэрвээ хүүхэд тань хувцсаа удаан өмсөөд байвал “Дуугай, хурдан хувцсаа өмс!” гэж хэлэх хэрэггүй. Хэрвээ уураа гаргасан бол хүүхдээсээ уучлалт гуйгаад, жишээ нь, сургуульдаа хоцрохгүйн тулд түргэн хувцаслаж сурах нь чухлыг тайлбарла.

4.Хүүхдийн хэрэгт хөндлөнгөөс оролцох Хүүхэд гэрт гүйгээд, боль гэсэн шаардлагыг хүлээж авахгүй бол тайван суухад хэцүү. Ямар нэг юм болохгүй бол хэдийд ч хөндлөнгөөс оролцохыг үүргээ гэж эцэг, эхчүүд үздэг. Хүүхдүүд шинэ зүйл судлаад эсвэл өөртөө анхаарал татахын тулд таны уурыг хүргэх зүйл хийдгийг мэдэж байх хэрэгтэй. Тиймээс хүүхдээ хэсэг хугацаанд зоргоор нь орхиж, юу хийж байгааг нь ажигласан нь дээр. Хэдхэн минутын дараа хүүхэд өөр зүйлд анхаарал нь шилжиж, та уурлаж загнахаас зайлсхийж чадна.

5. Дэмий хоосон үгс “Зурагтаа унтраа! Би хэлж байна шүү!” гэж хэлчихээд, араас нь шалгахгүй бол хүүхдүүд маш түргэн дасаж, юм хэлж байна чинээ санахгүй болно. Тиймээс та үг хэлснийхээ дараа юу хийх хэрэгтэйгээ бодох хэрэгтэй. Дүрэм журам мөрдүүлж сургахын тулд үг дуулалгүй байх ямар уршигтай болохыг хүүхдүүддээ тайлбарла. Хичээл хийгээгүй бол зурагт үзэхгүй. Таны хүүхэд гэрийн даалгавраа хийсэн дэвтрээ шалгуулахаар авчрах хүртэл та зурагтаа унтрааж, удирдлагыг нуух хэрэгтэй.

6. Завсарлагыг үргүй ашиглах нь Завсарлагыг сэтгэл судлаачид хүүхэд тайвшраад авах цаг гэж тайлбарладаг. Энэ бол шийтгэл биш, харин хүүхдэд сэхээ авах боломж олгох цаг юм. Зарим хүүхэд хэсэг хугацаанд ганцаар байх саналыг зүгээр хүлээж авч байхад, нөгөө хэсэг нь шийтгэл мэт хүлээж авдаг. Ийм арга хүүхдийг зөв хүмүүжилтэй болоход сургахгүй бөгөөд завсарлагын оронд хүүхдээ тэвэрч эрхлүүлэн, түүнтэй хэсэг хугацаанд хамт байж, тайвширсан хойно нь хүүхдээ юуг буруу хийснийг тайлбарлаж өгөх хэрэгтэй гэж Линда Сонна үзэж байна.

7. Хүүхдүүдээ “тэнцүүлэх” “Тэнцүүлэх” гэдгийг Сонна, нэг хүүхдийнхээ аргыг олсон юм чинь, нөгөө хүүхдийнхээ аргыг олно гэдэгт эцэг, эхчүүд итгэлтэй байхыг хэлжээ. Хүн бүр өөр өөр зан араншинтай. Нэгэнд нь хэлэхэд хангалттай байхад, нөгөөгийнх нь тоглоомын хуурцгийг хураах хэрэгтэй болдог. Тиймээс нэг хүүхэдтэй хатуу чанга харьцаад, нөгөөтэй нь зөөлөн харьцах нь ялгаварласан хэрэг бус, харин хүүхдийн хэрэгцээ, зан байдалд тохируулж байгаа хэрэг юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү