Хятад улсын Ганьсу мужийн төв Ланьжоу хотын захиргаа Байгал нуураас хоолойгоор ус татах зураг төсөл боловсруулжээ.
Ланьжоу хот нь хуурай, усны нөөц багатайд тооцогддог бүсэд оршдог учраас Хот төлөвлөлтийн Хүрээлэн “Хот төлөвлөлтийн Ирээдүй 2030” гэх нэртэй төлөвлөгөөг өнгөрсөн сард орон нутгийн захиргаандаа танилцуулжээ. Энэ зураг төслийн дагуу Байгал нуурын баруун урд эргээс Ланьжоу хот руу 1,000 орчим километр урт хоолой байгуулахаар тусгасан байна. Ингэхдээ Монгол улсын нутгаар дайрч, Төвдийн өндөрлөг, Их говийн дундуур гардаг Хэши корридороор явуулахаар зурсан гэнэ. Орон нутгийн хэмжээнд яригдсан энэ санаа эерэг сөрөн нөлөөтэй гэж Хятадын судлаачид үзэж байна. Тэдний зарим нь төслийг хэрэгжүүлбэл дэлхийн цэнгэг усны 20 хувийг дангаар эзэлдэг, 1,200 орчим төрөл зүйл амьтан, 600 төрөл зүйл ургамал бүхий Байгал нуурын эко системд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Харин дэмжигчид нь эдийн засгийн үр ашгийг чухалчилж байна. Тухайлбал 2012 онд бичсэн “Хойд Азийн эдийн засгийн бүс” номондоо судлаач Ли Луоли Байгал нуураас ус татах нь Хятад, Орос, Монгол улсуудын эдийн засагт ач холбогдолтой тухай тайлбарлаж байжээ.
Түүний үзэж байгаагаар асар их усны нөөцтэй Байгал нуурын усны багахан хэсгийг ашиглахад Монгол болон Хойд Хятадын усны нөөц бага, хуурай газар нутгийг тэтгэж, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ гэж дүгнэсэн байна.