Г.Чинзориг: Намуудын бүлэгт мэдээлэл өгөх бус, Н.Учрал, Ж.Эрхэмбаатар нарт зарчмын хүсэлт тавь!

Г.Чинзориг: Намуудын бүлэгт мэдээлэл өгөх бус, Н.Учрал, Ж.Эрхэмбаатар нарт зарчмын хүсэлт тавь!


12 сар

Иргэн Нарангийн Өнөрцэцэгийг шалгах асуудал нээлттэй. Энэ тодорхой. Харин иргэн Н.Өнөрцэцэгийн эрхэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг түүнийг шалгаж байгаатай холбогдуулан хааж боож, хэвлэн нийтлэх эрхийг нь хөсөрдүүлэх бол байж болшгүй юм. Иргэн Н.Өнөрцэцэг шалга аа, надтай холбоотой асуудлыг нээлттэй шүү гээд тод тодорхой хэлээд байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг маань битгий хаа, хэвлэн нийтлэх эрхийг минь бүү хаа гээд ертөнцөд тогтсон эрх чөлөөний суурь асуудлаа тавьж, талбайд хонов. Энэ үүднээс нь, Н.Өнөрцэцэгийг зөвтгөхөөс аргагүй. Иргэн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийн УИХ-ын дарга байхдаа батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх, мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй байх бөгөөд ийм хяналтыг санхүүжүүлэхгүй” -ээ гээд заачихаж. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

Энэ хуулийг ноцтой зөрчиж, Н.Өнөрцэцэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж. Г.Чинзориг даргатай Харилцаа холбооны зохицуулах хороо тус хуулийн заалтын хяналт тавих байгууллага байгуулахгүй байх, санхүүжүүлэхгүй байх гэдэг хоёр агуулгыг тов тодорхой зөрчиж байна. Учир нь энэ байгууллага цагдаагийн хүсэлтээр эрхийг нь хаасан. Мөн энэ байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа. Ингэж иргэдээсээ санхүүжин төрийн байгууллагын үйл ажиллагаа эрхлээд, Үндсэн хууль, Хэвлэл мэдээлийн эрх чөлөө, хүний эрх зөрчсөн үйлдэл үзүүлэн лаахайдаж хэрхэвч болохгүй. Гэвч Г.Чинзориг хэрэгжүүлэгч байгууллага гээд бас хэлсэн байна лээ. Шийдвэр прокурор, цагдаагаас ирдэг гэжээ.

Тэгвэл прокурор, цагдаа нар маань бүрэн дүүрэн татвараас санхүүжиж, иргэнийхээ төлөө явж байгаа хүмүүс биз дээ. Ингэж нэг гараараа “цавчиж”, нөгөө гараараа энэрэх гэж байх ёсгүй байх. Харилцаа холбооны сайд Н.Учрал, дэд Ж.Эрхэмбаатар нар эрх мэдэл нь бидэнд байхгүй ээ гэж ярьж. Тийм байх шиг байна. Тэгсэн мөртөө, ардчиллын суурь зарчим, хэвлэл мэдээллийнхээ эрх чөлөөг нандигнана гэсэн агуулгатай үгс учирлаад байгаа шиг.

Бодлогын яам та нарын гарт байна. Болохгүй байгаа хууль дүрмээ зас л даа, ингэж цагдаагийн хүсэлтээр Үндсэн хуулиа, Хэвлэл мэдээллийн хуулиа, хүний эрхээ зөрчөөд байх нь та бүхний яамны харалганд л харъяалагдах асуудал байна. Ардын намын арчаатай гээд байгаа залуус биз дээ, та нар чинь. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг МАН, АН-ы бүлэгт мэдээлэл хийнэ гэж. Ингэх хэрэггүй, зүгээр л юуны өмнө, энэ зөрчилтэй эрх зүйн харилцааг нэг мөр болгож, эерүүлж өгөөч гээд, хууль санаачлах эрхтэй Н.Учрал, Ж.Эрхэмбаатар нарт зарчмын хүсэлт тавьж байх ёстой юм. Байгаа оноцгоо!

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү