Монгол Улсын Засгийн газраас ирэх 2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.04.03/ ээлжит хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж байгаа бөгөөд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хуулиар аялал жуулчлалын тал дээр Засгийн газар, төр юу хийх, хувийн хэвшил юу хийх зэргийг нь маш тодорхой болгож өгч байгаа. Нэгдүгээрт, мастер төлөвлөгөө гаргадаг болно. Хэчнээн сая жуулчин татах тэр чиглэлээрээ бүтээн байгуулалт, шаардлагатай зүйлийг нь хийнэ. Санхүүжилт нь гурван талаар хийх ёстой гэж харж байна. Зам дагуу байдаг амралтын цэгийг хувийн хэвшлээр, онгоцны буудал зэргийг хувийн хэвшлээр хийх боломжтой болно. Нэмээд улсын төсвөөр юу хийх зэрэг нь тодорхой болно гэсэн үг. Гадаадад монгол улсад сурталчлах ажлыг хийнэ. Жилийн дөрвөн улиралд жуулчдыг татах ажлыг зохион байгуулна. Татвартай холбоотойгоор гадаадын жуулчид худалдан авсан барааныхаа НӨАТ-ыг авдаг болно. Жуулчдын аюулгүй байдлыг хуулиараа хамгаалж өгнө" гэлээ.