Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 17 гишүүний нэрийг зарласан билээ. Дээрх 17 нэрсийн 10 нь МАН-ын харьяа бүхий гишүүн байсан юм. Тэгвэл өнөөдөр нэр дурдагдсан таван гишүүн АТГ-аас энэ талаар тодруулна хэмээн хэвлэлийн хурал зарласан билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Намаас нэр өгсөн гэж хардаж байна. Гишүүний эрхээсээ түдгэлзээд ч хамаагүй шалгуулж болно" гэсэн юм.
Нүүрсний асуудалд нэр холбогдсон гишүүдийн нэрстэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас энэ талаар тодруулахад "Намаас нэр зарлах боломжгүй. Намд нөлөөтэй, нөлөөгүй гэх асуудал байхгүй" гэдгийг онцоллоо.
Тэрбээр "Яагаад таван хүний нэр зарлагдах болов гэдэгт бид ч гайхаж байна. АТГ-аас нэр зарласан. Тодорхой сэжүүр байгаа болохоор зарласан хэмээн бодож байгаа" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдэд ч хэлж байсан. Хариуцлага тооцуулах талаар дүрмийн заалтууд намд бий. Гагцхүү шүүхээр гэм буруутайг нь тогтоох ёстой. Хөгжлийн банкийг тойрсон зээлийн асуудалтай холбоотой хэсэг шүүхэд шилжинэ гэж сонссон. Шүүхийн шийдвэрийн дараа тэдгээр хүмүүст хариуцлага тооцох эсэхийг ярина" гэсэн юм.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах тайлбарыг өглөө.
-Шалгаж байх хугацаанд намаас, бүлгээс түдгэлзүүлэх үү?
-Бид дүрмийн заалтаа хэрэгжүүлнэ. Энэ заалт хүн бүрд ижил үйлчилнэ. Шалгаж байх хугацаанд түдгэлзүүлнэ гэх заалт байхгүй. Шүүхээр гэм буруутайн тогтоогдвол намаас гарсанд тооцож, цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.
-Хэдэн хүний нэрсийг ил зарлаж, цаана нь олон хүн нуугдаж үлдэх вий гэх хардлага байна л даа?
-МАН-ын ерөнхий хороо гурван удаа хуралдсан. Улмаар холбогдох этгээдүүдээс бүгдээс нь тайлбар авсан. Товчхондоо шүүхээс ямар шийдвэр гаргаснаас хамаарч улс төрийн хариуцлагыг хүлээлгэнэ.
-Нэрийг нь зарласан таван гишүүн улс төрийн хамааралтай үйлдэл хэмээн хэлсэн шүү дээ. Үүнд та тайлбар өгөхгүй юүе
-Нам бүү хэл Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч ч нэр зарлах асуудалд оролцох боломжгүй. Хуулийн байгууллага бие дааж ажиллах ёстой. Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс тооцох боломжгүй.