Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Нийслэл болон дүүргийн Иргэдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид мод тарилаа. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хамтран мод тарьж байна.
Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж байна. Монгол улсын хувьд нийт газар нутгийн 76,9 хувь цөлжилттэй. Цөлжилтийн эсрэг бидний хийж чадах хамгийн үр дүнтэй зүйл бол мод тарих юм. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан өмнө жилүүдээс 5 дахин их буюу 120,000 мод тарина. 20,000 ширхэг модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100,000 модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарьж байна. Байгаль дэлхийдээ бодитой хувь нэмэр оруулж, мод тарихаар ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархъя” гэлээ.